ЖАЙКА-ИЙН НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨЛТИЙН СУДАЛГААНЫ БАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

A- A A+
ЖАЙКА-ИЙН НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨЛТИЙН СУДАЛГААНЫ БАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Эдийн засаг, хөгжлийн яаманд өнөөдөр /2026.08.05/ Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА (JICA)-ийн Нарийвчилсан төлөвлөлтийн судалгааны багийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтад, ЖАЙКА-ийн төлөөлөгчид, Японы Шинжлэх ухаан, технологийн агентлаг, Тохокү их сургуулийн эрдэмтэн судлаачид, ШУТИС, Үндэсний шинжлэх ухаан технологийн сангийн төлөөллүүд оролцлоо.

Уулзалтаар, "Ногоон ирээдүйн төлөө хэт суурилаг чулуулгийг ашиглан нүүрстөрөгчийн хийг эрдэсжүүлэн хадгалах, устөрөгч болон металл гарган авах" төслийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төслийн удирдлага, талуудын чиг үүрэг, хэрэгжилтийн зохион байгуулалт, мөн CO₂-ыг эрдэсжүүлэн хадгалах, байгалийн устөрөгч үйлдвэрлэх, металл ялган авах технологийн хэрэглээ, эдийн засгийн тэргүүлэх салбар, бүс нутгийн талаар санал солилцов.

Мөн төслийн үр дүнг бодит хэрэглээнд нэвтрүүлэх хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих боломж, цаашдын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, төслийг хэрэгжүүлэх үндсэн баримт бичгүүдийг эцэслэн боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Энэхүү төсөл нь Монгол Улсад тархсан хэт суурилаг чулуулгийг ашиглан нүүрстөрөгчийн давхар ислийг эрдэсжүүлэн хадгалах, байгалийн устөрөгч болон металлын нөөц, боломжийг судлах замаар нүүрстөрөгчийн саармагжилт, ногоон хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.