Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү "Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар Бага хурал" буюу COP17-той холбогдуулан тус яамны дотоод ажлын хэсгийн хурлыг хийж, бэлэн байдлыг хангах, гүйцэтгэх ажил үүргийн талаар чиглэл өглөө.
Хурлаар СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хороо, Дэд хороодын хүрээнд ЭЗХЯ-ны оролцоо, хэрэгжүүлсэн ажлуудын талаар мөн COP17 хурлын хүрээнд явагдах Хэлэлцээнд оролцох төлөөлөл, сэдэвчилсэн өдрүүдэд гүйцэтгэх ажил үүрэг, ЭЗХЯ-наас оролцож буй нийт 23 албан хаагчийн чиг үүргийн талаар мэдээлэл өгч, бэлтгэлийг хангав.
COP17 хурал нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цөлжилт, газрын доройтлыг сааруулах олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал үүрэгтэй юм. Хүлэмжийн хийн нэмэгдэл нь агаар мандлын озоны давхаргын цоорлыг нэмэгдүүлж, нарны хэт ягаан туяаны хамгаалалт бууран хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн үнэлгээгээр өнгөрсөн хугацааны олон улсын хамтын ажиллагааны үр дүнд озоны давхаргын цоорол багасах хандлага гарч эхэлсэн бөгөөд олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг тууштай хэрэгжүүлж чадвал озоны давхаргын цоорол 2040 он гэхэд 1980 оны түвшинд хүрч буурах эерэг мэдээтэй байна.
Уулзалтын төгсгөлд, Эдийн засаг, хөгжийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хурлын бэлтгэл ажлыг төлөвлөсөн цаг хугацаанд нь чанартай, үр дүнтэй хэрэгжүүлж, бусад төрийн байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллах, хариуцлагатай ажиллахыг холбогдох албан хаагчдад үүрэг болголоо.








