2027 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛОН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

A- A A+
2027 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛОН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д өнөөдөр /2026.08.07/ 2027 оны улсын төсвийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, энэ оны хагас жилийн байдлаар уул уурхайн болон тээврийн салбарын эдийн засгийн өсөлт сайн үзүүлэлттэй байгааг онцлон дурдав. 

Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангах, олон нийтийн хэлэлцүүлгийг салбар бүрээр зохион байгуулахаар заасны дагуу Эдийн засаг, хөгжлийн сайдын 2027 оны төсвийн төслийг олон нийтэд танилцууллаа.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2027 оны төсвийн бодлого, төлөвлөлт, төсвийн төслийн танилцуулгын хүрээнд:

  • Макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ,
  • ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах чиглэлээр Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Төгөлдөр,
  • Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2027 оны төсвийн төслийн талаар Төрийн захиргаа удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн дарга Ж.Гэрэлбат нар илтгэл танилцууллаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсввийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд:

  • Сангийн яамны Төсвийн бодлого,  төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж,
  • Боловсролын эдийн засаг, санхүүгийн бодлогын газрын дарга А.Мөнх-Оргил,   
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах шинжээч Г.Бат-Өлзий нар илтгэлээ.

Сангийн сайдын 2027 оны төсвийн төслийн танилцуулгын хүрээнд:

  • Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Нямсүрэн,
  • Гааль, татварын ерөнхий газрын М.Эрдэнэжаргал,
  • Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэжаргал,
  • Татварын ерөнхий газрын СХОХ-ийн дарга Л.Бямбадорж,
  • Хөгжлийн хөтөч дэд бүтэц төсөл Э.Ганбаатар,
  • Санхүү мэдээллийн технологийн төв Б.Наранбаатар нар танилцуулав.

Үндэсний Статистикийн хорооны 2027 оны төсвийн төслийн танилцуулгыг Үндэсний Статистикийн хорооны Тамгын газрын дарга Б.Лхагва хийлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогч иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, асуултад холбогдох албаныхан хариулт өгөв. Олон нийтийн зүгээс гаргасан саналуудыг нэгтгэн, хуулийн хугацаанд (8 дугаар сарын 15-ны дотор) Сангийн яаманд хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.