Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Монгол судлал: Уламжлал ба орчин үе" сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII Их хурал 2026.08.10-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
30 орны 546 эрдэмтэн оролцож буй энэхүү олон улсын монголч эрдэмтний XIII Их хурлыг зохион байгуулах хорооны дарга Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, "Монгол судлалыг хөгжүүлэх асуудал манай улсын аль нэг байгууллага, албан тушаалтны хүрээнд хязгаарлагдах асуудал биш, Монгол төрийн урт хугацааны бодлогын нэг хэсэг бөгөөд төрийн бодлогоор дэмжих чиглэлээр тодорхой шийдвэрийг гарган хэрэгжүүлж ирсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрбээр, "Монгол судлалыг археологи, антропологи, нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүй, байгаль орчин, уламжлалт мэдлэг ухаан зэрэг өргөн хүрээг хамарсан шинжлэх ухааны цогц салбар болон хөгжүүлэх шаардлагатай" гэв.
Цаашид Монгол Улсын Засгийн газраас монгол судлалыг дэмжин хөгжүүлэх чиглэлд дараах бодлогыг хэрэгжүүлэх талаар танилцууллаа.
- "Нэгдүгээрт, монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулж, төрийн бодлогын залгамж чанарыг хангана.
- Хоёрдугаарт, гадаад дахь монгол судлалын төвүүдтэй тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны орчин, эх хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулна.
- Гуравдугаарт, дэлхийн шилдэг судалгааны бүтээлүүдийг монгол хэлнээ, Монголын эрдэмтдийн бүтээлийг олон улсын хэлнээ түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжинэ.
- Дөрөвдүгээрт, залуу монгол судлаачдыг бэлтгэх, тэтгэлэг, солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэхэд анхаарна.
- Тавдугаарт, монгол судлалын үр дүнг зөвхөн академик хүрээнд бус, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад сурталчилгаа, олон улсын харилцаанд үр ашигтайгаар ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ".
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал нь монгол судлалын ололт амжилтаа дүгнэх, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, ирээдүйн зорилтоо хэлэлцэх чухал ач холбогдолтой үйл явдал. Олон улсын Монголч эрдэмтний их хурлыг 1959 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн 66 жилийн хугацаанд дэлхийн монгол судлалын салбарын хамгийн нэр хүндтэй, тогтвортой олон улсын эрдэм шинжилгээний чуулган болж хөгжжээ. Өнгөрсөн 12 удаагийн их хуралд дэлхийн 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан судлал, шашин судлал, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн байна.









