Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагууд стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй хоёр өдрийн уулзалт зохион байгуулж, салбарын цаашдын хамтын ажиллагаа, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Эхний өдөр стандартчилал, тохирлын үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, төрийн зарим үйл ажиллагааг мэргэжлийн болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, чиг үүргийн давхцалыг арилгах, салбарын цахим шилжилт болон хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх асуудлаар санал солилцов. Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн талаар товч танилцууллаа.
Уулзалтын үеэр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, лабораторид ашиглах лавлагаа материал болон стандарт урвалжийн импортын зохицуулалтыг хялбаршуулах зэрэг санал, хэрэгцээ шаардлагыг төлөөллүүд илэрхийлэв.
Харин хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 13-нд хэмжил зүйн ажил, үйлчилгээ эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөллийг “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д хүлээн авч уулзлаа. Энэ үеэр мөн төрийн зарим үйл ажиллагааг мэргэжлийн болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, давхцалыг арилгах, салбарын цахим шилжилт, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцов.
Тухайлбал, “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэмжил зүйн 10 төрлөөр 56 зүйлийн хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгыг хувийн хэвшил болон хэмжил зүйн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой талаар танилцуулсан бөгөөд хэмжил зүйн үйлчилгээний шат дамжлагыг цөөлж, үйл ажиллагааг шуурхай болгох, холбогдох үнэлгээ, дүгнэлт гаргах үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлээр цаашид хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Эдгээр уулзалт нь төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгох, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, салбарын мэргэжлийн байгууллагуудын чадавх, туршлагыг бодлого, үйл ажиллагаанд тусгах замаар стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн салбарын хөгжлийг дэмжихэд чиглэж байна.







