НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр /2026.08.17/ Улаанбаатар хотноо нээлтээ хийж байна.
Дэлхийн 197 улсын төлөөлөгч Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд хуран чуулж, цөлжилт, газрын доройтол, гангийн асуудал, газар нутгийн тогтвортой менежмент, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөдөө аж ахуйн чиглэлээр шийдэл, хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэнэ.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн СОР17-ын Үндэсний хорооны гишүүнээр ажиллаж, хурлын бэлтгэл, зохион байгуулалт болон салбар хоорондын уялдааг хангах үйл ажиллагаанд оролцож байна. Мөн СОР17-ын хэлэлцээний бүрэлдэхүүнд Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл ажиллаж байгаа бөгөөд яамны албан хаагчид гадаадын төлөөлөгчдийн тэргүүн нарыг хариуцан ажиллахаар томилогдон, төлөөлөгчдийн оролцоо, протокол, зохион байгуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй юм. Эдийн засаг, хөгжлийн яам Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран 2026 оны наймдугаар сарын 22-ны өдөр “Байгалийн капитал” сэдэвт арга хэмжээг зохион байгуулна.

























