Эдийн засгийн эрх чөлөө, Хөрөнгө оруулалтын болон Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиудын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж,салбар хоорондын ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2026.08.20/ Эдийн засаг, хөгжлийн яаманд боллоо.

Хуралдааны эхэнд, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Монгол Улс дэлхийд эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр 2025 оны байдлаар 184 улсаас 174 дүгээр байранд буюу эхний хагаст багтаж байгаа ч бодлогын орчинд сайжруулах асуудлууд нэлээдгүй байна. Ялангуяа “Хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлын үзүүлэлт”-ээр 109 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна. Эдгээр эрэмбэ нь бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид өдөр тутамдаа ямар их дарамт, хүнд сурталтай тулгардгийг илтгэх бодит тоон үзүүлэлт. Бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчдаа дэмжих, хүнд суртлыг арилгах хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг байгуулан 2.6 их наяд төгрөгийн 21 гомдлыг шийдвэрлэх арга хэмжээ авсан" гэдгийг онцоллоо.
Мөн тэрбээр, Засгийн газрын 329 дүгээр тогтоолын хүрээнд 36 ажил төлөвлөгдсөнөөс энэ оны 08, 09 дүгээр сард дуусгах 11 ажил байгааг холбогдох байгууллагуудад сануулж, 2026.09.30 гэхэд бизнес эрхлэгчээс материал шаардахгүй байх, тусгай зөвшөөрлийн хугацааг цахимаар хоёр хоногт сунгадаг болох, татвар, нийгмийн даатгалын өртэй гэх шалтгаанаар зөвшөөрлийг нь гацаадаг хууль бус шаардлагыг системээс хасах зэрэг ажлуудад тодорхой хариулттай болох ёстойг анхааруулав.
Үргэлжлүүлэн,
- Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар "Зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулга",
- Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан "Зөвшөөрөл, мэдэгдлийн нэгдсэн сангийн удирдлага, лавлагаа, мэдээлэл олгох журам”-ын төсөл болон Зөвшөөрлийн зөвлөл байгуулах ажлын танилцуулга",
- “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын захирал Б.Наранбаатар "Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем (license.mn)-ийн танилцуулга,
- Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яамнаас Төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийг нэгдсэн системд нэгтгэх, “Once only” зарчмыг хэрэгжүүлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулга
- Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Төгөлдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулга тус тус хийв.
Танилцуулгын дараа ажлын хэсгийн бусад гишүүд асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлсэн юм.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяр салбар яамд, агентлагууд хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө, биелэлтийг тухай бүр Эдийн засаг, хөгжлийн яаманд ирүүлж ажиллахыг даалгалаа.












