“ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭЧЛЭЛ-ХЯЛБАР ЗОХИЦУУЛАЛТ-БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИН” СЭДЭВТ СУРГАЛТ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭЧЛЭЛ-ХЯЛБАР ЗОХИЦУУЛАЛТ-БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИН” СЭДЭВТ СУРГАЛТ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д өчигдөр /2026.09.03/ эхэлсэн “ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭЧЛЭЛ-ХЯЛБАР ЗОХИЦУУЛАЛТ-БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИН” сэдэвт, сургалт арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус арга хэмжээ нь “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах төрийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах зорилготой бөгөөд салбарын онцлогоос хамааралтай зарим үйл ажиллагааны зөвшөөрөл, мэдэгдлийн шийдвэрлэлтийг хэрэгжүүлж буй байгууллагууд Зөвшөөрлийн нэгдсэн санд нэгтгэх, хуулийн хэрэгжилтийн хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэв.

Сургалтын хоёр дахь өдрийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар нээж үг хэлж, илтгэл танилцуулга хийсэн бол үргэлжлүүлэн;

  • ЭЗХЯ-ны Бизнесийн орчны бодлогын газрын Зөвшөөрлийн нэгдсэн сангийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Бат-Эрдэнэ “Зөвшөөрлийн нэгдсэн тогтолцоо, оролцогч талууд” сэдвээр,
  • ЭЗХЯ-ны Бизнесийн орчны бодлогын газрын ахлах мэргэжилтэн Л.Золзаяа “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль, нэгдсэн сангийн журмын шинэчлэлт” сэдвээр,
  • СМТТөв УТҮГ-ын захирал Б.Наранбаатар "Зөвшөөрлийн цахим системийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр,
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас "Зөвшөөрлийн үйл ажиллагаанд оролцож буй төрийн албан хаагч нарын анхаарах асуудал, сургалтын агуулга" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Мөн СМТТөв УТҮГ-ын сургагч багш нар “Зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үйлдлийн тохиргоо”-ны хүрээнд бодит жишээ кейс ажиллах, практик сургалтыг оролцогчдод орсон бол үргэлжлүүлэн оролцогчдоос хуулийн өөрчлөлт, анхаарах асуудал, журмын шинэчлэл болон цахим системтэй холбоотой асуулт асууж, хариулт авлаа.

Сургалтын төгсгөлд ЭЗХЯ-ны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан хэлсэн үгэндээ, хуулийн хэрэгжилтийг хангахад  төрийн албан хаагчдын оролцоо, хичээл зүтгэл, хариуцлагатай хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод ЭЗХЯ, “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийн зүгээс хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал болон та бүхний санал, санаачилгыг дэмжин хамтран ажиллахад үргэлж нээлттэй тул бизнес эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж зөвшөөрлийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэхэд манлайлан ажиллахыг уриаллаа.

Өнөөдрийн сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эрчим хүчний яам, ХХААХҮЯ, Монголбанк, ЦЕГ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Соёл урлагийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Архивын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Кино урлагийн зөвлөл, Мал эмнэлгийн газар гэх мэт төрийн 26 байгууллагын 80 орчим алба хаагчид хамрагдав.