ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙН БОЛОМЖИЙГ БОДИТ ХУДАЛДАА, ЭКСПОРТЫН ӨСӨЛТ БОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

A- A A+
ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙН БОЛОМЖИЙГ БОДИТ ХУДАЛДАА, ЭКСПОРТЫН ӨСӨЛТ БОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын хүрээнд “Орос–Монгол: Худалдааны түр хэлэлцээрээс худалдааны бодит өсөлтөд” сэдэвт бизнес хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн оролцож, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилт, Монголын бараа, бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулах асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор тал бүрийн 367 нэр төрлийн бараанд импортын гаалийн татварыг тэглэх болон бууруулах нөхцөл бүрдсэн. Энэхүү тарифын хөнгөлөлтийг бодит худалдаа, экспортын өсөлт болгон хувиргахын тулд гааль, стандарт, техникийн зохицуулалт, мал эмнэлэг, ургамлын хорио цээр, тээвэр, логистик болон төлбөр тооцоотой холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Мөн Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг ЕАЭЗХ-ны зах зээлд нийлүүлэх боломж, бизнес эрхлэгчдэд тулгарч буй практик хүндрэл, шинэ нийлүүлэлтийн сүлжээ бий болгох, хамтарсан үйлдвэрлэл болон хөрөнгө оруулалтын төслийг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Тээвэр, логистикийн чиглэлээр Монголын төв болон зүүн төмөр замын коридорын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дамнасан ачаа тээврийн урсгалыг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн бол санхүүгийн салбарт томоохон дэд бүтцийн төслүүдэд банкны орчин үеийн санхүүжилт, гэрээний банкны дагалдан хяналт болон цахим шийдлийг ашиглах боломжийг танилцуулав.

Түүнчлэн хоёр улсын хооронд тогтвортой ажиллах агуулах, логистикийн төв, түгээлтийн сүлжээ бүхий бараа нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх нь худалдааны хэмжээг нэмэгдүүлэх төдийгүй хоёр талын бизнесийн урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал болохыг оролцогчид тэмдэглэлээ.

Хэлэлцүүлгийг ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Хятад болон орчин үеийн Азийн хүрээлэнгийн захирал К.В.Бабаев хөтөлж, Монголын талаас Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Зам, тээврийн яамны Төмөр замын тээврийн бодлогын зохицуулалт, хэрэгжилтийн газрын дарга Х.Итгэлт нар оролцов.

Оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч М.В.Васильев цахимаар, “Газпромбанк”-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.В.Мельников, “Эй-Пи Трейд” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хөгжлийн захирал А.С.Таскаев болон бизнесийн төлөөлөл оролцож, худалдаа, санхүүжилт, логистикийн практик шийдлүүдийн талаар санал солилцлоо.

Бизнес хэлэлцүүлэг нь Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд бий болсон шинэ боломжийг аж ахуйн нэгжүүдийн бодит экспорт, хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл болгон хөгжүүлэхэд төр, бизнесийн уялдаа холбоог бэхжүүлэх практик талбар боллоо.