Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “BlackRock”-ийн Financial Markets Advisory (FMA) нэгжийн Олон улсын баялгийн сангийн зөвлөх үйлчилгээ хариуцсан Гүйцэтгэх захирал Маттиас Вирволл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүд, хөрөнгө оруулалт болон бизнесийн орчны шинэчлэл, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй бизнесийн саад тотгорыг бууруулж, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд таатай орчин бүрдүүлэх шинэчлэлийн талаар танилцууллаа.
Түүнчлэн талууд Монгол Улсад гадаадын болон хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, эрчим хүч, стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд олон улсын институцийн хөрөнгө оруулагчдын оролцоог өргөжүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцлаа.
BlackRock нь 15 гаруй их наяд ам.долларын хөрөнгө удирддаг, хөрөнгө оруулалтын менежмент, хөрөнгийн багцын удирдлага, эрсдэлийн удирдлага болон санхүүгийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын менежментийн компани юм.
Тус компани дэлхийн 42 улсад салбар, нэгжтэй бөгөөд 100 гаруй орны төрийн болон санхүүгийн байгууллага, үндэсний баялгийн болон тэтгэврийн сан, институцийн болон хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлдэг байна.
Монгол Улсын Засгийн газар төрийн өмчит компаниудын реформын хүрээнд тэдгээрийн засаглал, үнэ цэнэ, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр BlackRock-той хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах юм.











