Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дөрвөн жилд нэг удаа Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг явуулдаг. Төрийн өмчийн хороо байгуулагдан анхны төрийн өмчийн үзлэг, тооллогын ажлыг 1997 онд анх хийж гүйцэтгэснээс хойш 2001, 2004, 2008, 2012, 2016, 2022 онд тус тус улс орон даяар зохион байгуулж, дүнгээ гарган, үзлэг, тооллогын дүнгээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын холбогдох шийдвэрийг гаргуулан, хэрэгжүүлж ирсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 238 дугаар тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг тооллогын ажил улс орон даяар явагдаж байна.
Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам үзлэг, тооллогод бүрэн хамрагдаж, эд хөрөнгийн зөрчилгүй буюу 100 оноогоор үнэлэгдлээ.
Энэ удаагийн тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн цахим хэлбэрээр зохион байгуулж буй юм.
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэмжээг тогтоох,
- хөрөнгийн чанар байдал, хадгалалт, хамгаалалт, үнэлгээ, бүртгэлд үнэлэлт өгөх,
- нэгдсэн цахим системийг ашиглан тооллого явуулах,
- иргэдэд нийтэд нээлттэй, цахим мэдээллийн санг бүрдүүлэх гэсэн зорилготойгоор зохион байгуулж байна.



