“ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банкны "Эдийн засгийн төрөлжилтийг хангах бодлого, тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" техник туслалцааны төсөлтэй хамтран зохион байгуулж буй “ЭДИЙН ЗАСГИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ БОДЛОГЫН РЕФОРМ ЗУРАГЛАЛЫН 7 ХОНОГ” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д /2026.09.14/ эхэллээ.

Арга хэмжээний хоёр дахь өдөр /2026.09.15/ “ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” сэдвийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Санхүүгийн зохицуулах хороо, Гаалийн ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон бусад төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид оролцож байна.

Хэлэлцүүлэгийг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”-ын хүрээнд бүхий л салбарт “ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улсын Их хурлаас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн шинэчлэлүүд нь бие биеэ нөхсөн цогц реформ болж байна. Түүнчлэн эдгээр хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын 2026 оны 329 дүгээр тогтоолоор 36 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг баталж хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллаж байна. Тиймээс өнөөдөр өрнөх хэлэлцүүлэг бүр маргаашийн бодлогын бодит шийдэл болж, Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын орчны сайжруулалт, хувийн хэвшлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэдгийг онцлон сургалт, хэлэлцүүлгийн арга хэмжээнд амжилт хүсэв.

Хэлэлцүүлгийн эхэнд Азийн хөгжлийн банкны засаглалын мэргэжилтэн, Төслийн багийн ахлагч Э.Ганзул төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж уг  техник туслалцааны төслийн үр дүнд 2029 он хүртэл тэргүүлэх салбарын бодлого, стратегийг боловсронгуй болгох, салбарын болон бизнесийн орчны хууль, зохицуулалтыг шинэчлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, хиймэл оюун ухааныг ашиглах замын зураг боловсруулах зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлж ажиллах боломжтой талаар мэдээлэл өгч, танилцуулга хийлээ.

Өнөөдрийн арга хэмжээ  үндсэн 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт чиглүүлэгч Бенедикт Уильям Френч “Асуудалд суурилсан давтан, дасан зохицуулах сайжруулалтын арга зүй” сэдвиййн хүрээнд илтгэл танилцуулж оролцогчдын дунд асуудал тодорхойлох, хэлэлцүүлэг зохион байгуулж асуудлын дүрэмийн дагуу оролцогчдын асуултад хариулж, санал солилцов.

Дараагийн хэсэгт Монгол Улсын Их хурлаас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн шинэчлэлүүдтэй холбоотой дараах илтгэлүүдийг танилцууллаа:

  • “Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Зөвшөөрөл, мэдэгдэлийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын ахлах шинжээч Ц.Наранзул,
  • “Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын хуулийн зөвлөх Ж.Мягмарсүрэн,
  • “Зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулга” сэдвээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга М.Цолмон,
  • “Зөвшөөрөл, мэдэгдэлийн нэгдсэн сангийн удирдлага, цахим системийн нөхцөл байдал, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” сэдвээр Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын мэргэжилтэн Л.Бат-Эрдэнэ,
  • “Эдийн засгийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжуудын зохицуулалт, төрийн байгууллагуудын чиг үүрэгт хийсэн системийн шинжилгээний үр дүн” сэдвээр Зах зээлийн өрсөлдөх чадвар, судалгааны албаны дарга С.Нямсүрэн нар илтгэл тавьж, танилцуулга хийлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид хоёр багт хуваагдан Монгол Улсын бизнесийн орчны тулгамдсан асуудал, Зөвшөөрөл, мэдэгдэлийн систем болон зөвшөөрөл авахад тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй хэлэлцэх, багийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.