"ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ, ЗӨВШӨӨРӨЛ МЭДЭГДЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИУДЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+

Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банкны "Эдийн засгийн төрөлжилтийг хангах бодлого, тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" техник туслалцааны төсөлтэй хамтран зохион байгуулж буй “ЭДИЙН ЗАСГИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ БОДЛОГЫН РЕФОРМ ЗУРАГЛАЛЫН 7 ХОНОГ” сэдэвт арга хэмжээ Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д 2026 оны 09 дүгээр сарын 14-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Арга хэмжээний гурав дахь өдөр /2026.09.16/ "ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ, ЗӨВШӨӨРӨЛ МЭДЭГДЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИУДЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ" сэдэвт, сургалт хэлэлцүүлгээр үргэлжиллээ.  

Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан нээж хэлсэн үгэндээ "Өнөөдрийн хэлэлцүүлэг шинэчлэлийн үр нөлөө эдийн засгийн тэргүүлэх салбар бүрт хэрхэн хүрч байгааг ярилцахад чиглэнэ" гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр "Өнөөдөр бид хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, санхүү, худалдааны салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагын талаар холбогдох яам, агентлагийн төлөөллөөс сонсож, салбар тус бүрд тулгамдаж буй бодлого, зохицуулалтын саад бэрхшээлийг тодорхойлно. Асуудлаа тодорхойлоод зогсохгүй, түүнийг шийдвэрлэх боломжит арга замыг хамтдаа тодорхойлоход онцгой ач холбогдол өгч байна. Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд тодорхойлсон асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам нь тус төсөл бидэнтэй 2029 он хүртэл хамтран хэрэгжүүлэх шинэчлэлийн төлөвлөгөө боловсруулах үндэс суурь болно" хэмээлээ.

Үргэлжлүүлэн Азийн хөгжлийн банкны Засаглалын мэргэжилтэн, Төслийн багийн ахлагч Э.Ганзул төслийн товч танилцуулга хийв. Мөн “ЭДИЙН ЗАСГИЙН ТЭРГҮҮЛЭХ САЛБАРУУДЫН ХӨГЖЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдвийн хүрээнд дараах илтгэлүүдийг танилцууллаа. 

  • Чиглүүлэгч Бенедикт Уильям Френч "Асуудалд суурилсан давтан, дасан зохицох сайжруулалтын арга зүй" сэдвээр,
  • ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун "Хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хөгжлийн чиг хандлага" сэдвээр, 
  • Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтүвшин "Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хөгжлийн чиг хандлага" сэдвээр, 
  • Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа хөгжлийн газрын дарга Б.Батчимэг "Санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хөгжлийн чиг хандлага" сэдвээр, 
  • ЭЗХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Д.Дүгэрсүрэн "Худалдааны салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хөгжлийн чиг хандлага" сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй хэлэлцэх, багийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.