Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чадавхыг бэхжүүлэх төслийн удирдлагын сургалт эхэллээ.
2026 оны есдүгээр сарын 17-ноос 19-ний өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү сургалтыг Эдийн засаг, хөгжлийн яам болон Пи Эм Ай Монголиа Чаптэр хамтран, Азийн Хөгжлийн банкны санхүүжилттэйгээр зохион байгуулж буй бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ, “Улаанбаатар түншлэл” ХХК, 21 аймгийн ЗДТГ-ын Түншлэлийн асуудал хариуцсан 40 гаруй албан хаагчид оролцож байна.

Сургалтын арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нээж хэлсэн үгэндээ “Энэ оны зургадугаар сард 21 аймагт орон нутгийн түншлэлийн чадавхыг бэхжүүлэх бүсчилсэн сургалтыг хийсэн. Өнөөдрийн сургалт бол өмнөх сургалтын үргэлжлэл. Гурван өдрийн хөтөлбөрөөр төслийн засаглал, хамрах хүрээ, хугацаа, зардал, нөөц, оролцогч талууд, эрсдэлийн удирдлага гэсэн үндсэн чиглэлүүдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу цогцоор нь авч үзнэ. Өөрөөр хэлбэл, зургадугаар сард түншлэлийн эрх зүйн орчин, журмын мэдлэгийг олгосон бол одоо түүнийг хэрэгжүүлэх практик хэрэгслээр хангах зорилт тавьж байна” гэдгийг онцоллоо.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн ажилтнууд, 21 аймгийн Засаг даргын тамгын газрын түншлэлийн асуудал хариуцсан албан хаагчдад түншлэлийн төсөл хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай төслийн удирдлагын ур чадварыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд сургалтын зорилго оршиж буй юм. Мөн оролцогчдод төслийг үр дүнтэй санаачлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, удирдах болон хаахад шаардлагатай практик мэдлэг, арга хэрэгсэл, техникүүдийг эзэмшүүлэхэд чиглэнэ.
Сургалтыг бодит жишээ, багийн дасгал ажил, жишээ судалгаа, загвар маягтууд, багийн хэлэлцүүлэг болон төслийн практиктай хослуулан явуулж байна. Иймд, оролцогчид төслийг санаачлахаас эхлээд хаах хүртэлх бүх үе шатанд хэрхэн үр дүнтэй удирдах талаар практик ойлголт, ур чадвар эзэмшинэ гэдгийг зохион байгуулагчид онцлов.





















