МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН “БИЧЭЭС” ТӨСЛИЙН 2026 ОНЫ АРХЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ОНЦЛОХ ҮР ДҮН: ЧИНГИС ХААНЫ ХӨВГҮҮД, ДҮҮ НАРТАА СУРГАСАН БИЛЭГ СУРГААЛЫН ХЭСЭГ ОЛДСОН НЬ АНХДАГЧ ЮМ.

A- A A+
МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН “БИЧЭЭС” ТӨСЛИЙН 2026 ОНЫ АРХЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ОНЦЛОХ ҮР ДҮН: ЧИНГИС ХААНЫ ХӨВГҮҮД, ДҮҮ НАРТАА СУРГАСАН БИЛЭГ СУРГААЛЫН ХЭСЭГ ОЛДСОН НЬ АНХДАГЧ ЮМ.

Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь Олон сүмийн туурьд 2025–2026 онд археологийн малтлага, судалгааг хийж байна.

Судалгааны явцад Олон сүмийн туурийн төв танхим, бурхны таван суурь, горооны зам бүхий барилгын үлдэгдэл, олон өнгийн ханын зураг, түүхий шавраар хийсэн бурхны дүрсийн хэсэг, эрхи, зандан мод болон бусад олон төрлийн олдвор илэрсэн байна. 2025 онд Япон Улсад хийсэн нас тогтоох шинжилгээгээр тус дурсгалт газар XVI зууны сүүлчээс XVII зууны эхэн үед холбогдох нь тогтоогдоод байгаа юм.

Судалгааны ажлын 2026 оны онцлох үр дүн нь малтлагаас Чингис хааны хөвгүүд, дүү нартаа сургаж байсан билэг сургаалын хэсэг илэрсэн бөгөөд уг бичвэр нь “Лу. Алтан товч”-д тэмдэглэгдсэн сургаалтай ижил болохыг урьдчилсан судалгаагаар тогтоогоод байна.

Түүнчлэн монгол бичгээр бичсэн үйсэн номын нийт 30 орчим хэсэг илэрсэн нь анхан шатны сэргээн засварлалт, уншилтаар шашны ном, зурхай болон сургаалын агуулгатай бичвэрүүд болох нь тогтоогдож байна. Цаашид үйсэн номын хэсгүүдийг сэргээн засварлах, хамгаалах, агуулгыг нарийвчлан судлах, он цагийг тогтоох ажлыг үргэлжлүүлнэ.

Эдгээр олдвор, барилга байгууламж, ханын зураг, бичгийн дурсгалууд нь Олон сүмийн туурь Монголын шашин, уран барилга, бичгийн соёлын түүхийг судлахад чухал ач холбогдол бүхий дурсгалт газар болохыг харуулж байна.