ТАТВАРЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТҮҮД ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

A- A A+
ТАТВАРЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТҮҮД ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Эдийн засаг, хөгжлийн яам, Хөрөнгө оруулалт худалдааны газартай хамтран зохион байгуулж буй “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХУДАЛДААНЫ ГАЗРЫН НЭРЭМЖИТ 7 ХОНОГ” арга хэмжээ Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д 2026 оны 09 дүгээр сарын 21-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2026.09..23/ Татварын хууль тогтоомжийн шинэчлэл, татварын орчин болон хөрөнгө оруулагчдад хамаарах бусад асуудлаар мэдээлэл, танилцуулга, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний эхэнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс мэндчилгээ дэвшүүлж, арга хэмжээний зорилго, ач холбогдлын талаар танилцуулсан бөгөөд татварын орчин, хууль эрх зүйн шинэчлэлийн талаарх мэдээллийг хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдэд хүргэх, тулгамдаж буй асуудлаар санал солилцох боломжийг бүрдүүллээ.

Үргэлжлүүлэн татварын хуулийн нэмэлт, өөрчлөлт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт сэдвээр Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хуулийн газрын ТУБ Ц.Ундармаа танилцуулга хийж, татварын хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой асуудлаар;

- Татварын олон талт хэлэлцээр сэдвээр /KPMG Tax, Татварын зөвлөх үйлчилгээ, Үнэ шилжилт хариуцсан Ахлах менежер/  Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч /CPA/, Монгол Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөх /CPTA/ Х.Минжин  танилцуулга хийж, татварын олон талт хэлэлцээртэй холбоотой асуудал, татварын зөвлөх үйлчилгээ болон үнэ шилжилтийн чиглэлээр мэдээлэл өгч, хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хамаарах татварын харилцааны асуудлыг хөндөн, холбогдох асуудлаар;

- Хөрөнгө оруулагчдын кибер аюулгүй байдлын чухал асуудлууд сэдвээр KPMG-ийн Кибер болон Мэдээллийн технологи хариуцсан Дэд захирал, Мэргэшсэн Мэдээллийн аюулгүй байдлын аудитор /CISA/, Ахлах тэргүүлэх аудитор /ISO27001 Senior Lead Auditor/ Т.Алтансүх танилцуулга хийж, байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлыг хөндөж, хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн технологийн орчин, мэдээллийн аюулгүй байдал болон цахим эрсдэлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой асуудлаар тус тус мэдээлэл өгч, илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Арга хэмжээний төгсгөлд нээлттэй хэлэлцүүлэг, асуулт-хариулт зохион байгуулж, оролцогчид татварын хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татварын олон талт хэлэлцээр болон кибер аюулгүй байдлын асуудлаар сонирхсон асуултаа асууж, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс мэдээлэл авлаа.

Тус арга хэмжээ нь хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдэд татварын хууль тогтоомжийн шинэчлэл, татварын орчин, холбогдох хөнгөлөлт, чөлөөлөлт болон кибер аюулгүй байдлын талаарх мэдээллийг нэг дороос авах, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй шууд санал солилцох боломжийг бүрдүүлсэн юм.