ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД С.ДАВААСҮРЭН “МОНГОЛ УЛС БА БНХАУ-ЫН ЛЯОНИН МУЖИЙН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ХАРИЛЦААГ ТАНИЛЦУУЛАХ ХУРАЛ”-ЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЛЭЭ

A- A A+
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД С.ДАВААСҮРЭН “МОНГОЛ УЛС БА БНХАУ-ЫН ЛЯОНИН МУЖИЙН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ХАРИЛЦААГ ТАНИЛЦУУЛАХ ХУРАЛ”-ЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЛЭЭ

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ляонин мужид зохион байгуулагдаж буй Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын 7 дугаар үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж үг хэлэв. 

Тэрбээр Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд  бүс нутгийн бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлов.

Мөн дэд сайд С.Даваасүрэн БНХАУ-ын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны дэд дарга Жоу Чян, Ляонин мужийн Намын хорооны дарга Шюй Күньлинь нарын хамт үзэсгэлэнгийн талбайтай танилцаж, Монгол Улсаас оролцож буй аж ахуй нэгжүүдийн павильоноор зочиллоо.
Энэ удаагийн арга хэмжээнд Монгол улс гол зочин орноор оролцож байгаа бөгөөд "Монгол Улс ба БНХАУ-ын Ляонин мужийн эдийн засаг, худалдааны харилцааг танилцуулах хурал”-ыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн нээж, Ляонин мужийн 70 орчим аж ахуй нэгжийн 100 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо.

Тус хурлаар Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, аялал жуулчлалын салбар болон цаашдын хамтын ажиллагааны боломжийг танилцуулж, мөн Монгол Улсад хэрэгжиж буй БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, бизнесийн туршлагаас хуваалцлаа.

БНХАУ-ын Ляонин мужийн Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын арга хэмжээнд  50 гаруй улсын төр, бизнесийн салбарын төлөөлөл оролцож, Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн интеграц, худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцэх, шинэ түншлэлийг бий болгох чухал талбар боллоо.

Монгол Улсын хувьд тус үзэсгэлэн нь БНХАУ болон  Зүүн Хойд Азийн бүс нутгийн орон нутаг, бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.