ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ХӨДӨӨ АЖ АХУЙН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ, ХУДАЛДААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

A- A A+
ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ХӨДӨӨ АЖ АХУЙН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ, ХУДАЛДААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол Улс 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу (КАРЕК/CAREC)-ийг даргалж байна. КАРЕК-ийн 25 жилийн ойн хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдөр /2026.09.29/ Сайд нарын бага хурлаар үргэлжилж байна. 

Энэ хүрээнд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Туркменистан Улсын Санхүү, Эдийн засгийн дэд сайд Бегмырат Аллакбаевыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Хоёр орны хоорондын өндөр, дээд түвшний айлчлал, уулзалтын давтамж эрчимжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын төрийн тэргүүн нарын 2024-2025 онд харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалууд нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц ач холбогдол өндөртэй айлчлалууд болж өнгөрсөн" гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн хоёр улсын худалдааны эргэлт өнөөгийн байдлаар харьцангуй бага байгаа ч өсөлтийн хандлагыг дэмжиж, монголын талаас хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүн, тэр дундаа ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг Туркменистаны зах зээлд нийлүүлэх зэргээр худалдааг өргөжүүлэх санал солилцов. 

Монгол Улсын зүгээс худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн түншлэлийг нэмэгдүүлэх, тээвэр, логистик, холболтыг сайжруулах, эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн харилцаа, түншлэлийг идэвхжүүлэх зорилт тавилаа.

Бүгд Найрамдах Туркменистан Улсын Санхүү, Эдийн засгийн дэд сайд Бегмырат Аллакбаев "Хоёр улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд тохиролцсон асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа" илэрхийллээ.