"КАРЕК" БИЗНЕС ФОРУМ 2026: БҮС НУТГИЙН ХОЛБОЛТЫГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН БОДИТ БОЛОМЖ БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ

A- A A+

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийн 25 жилийн ойн хүрээнд “КАРЕК Бизнес Форум 2026” 9 сарын 30-наас 10 сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

2026.09.30-ны өдөр зохион байгуулагдсан Бизнес Форумд КАРЕК-ийн орнуудын төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүд, худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоодын төлөөлөл бүхий 10 улсын 400 орчим төлөөлөгчид оролцлоо. Энэхүү форум нь бодлого, стратегийг хөрөнгө оруулалтад бэлэн төсөл, санхүүжилттэй холбож, төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ), бизнес хоорондын (B2B) болон бизнес, төрийн байгууллагын хоорондын (B2G) уулзалтаар дамжуулан бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх платформ болов.

ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФОРУМЫГ НЭЭЖ, АХБ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ МАСАТО КАНДА ИЛТГЭЛ ТАВИВ

Форумыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нээж, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда үндсэн илтгэл тавилаа.  

Нээлтийн дараа “ КАРЕК -д хаана хөрөнгө оруулах вэ?-Цэвэр эрчим хүч, ухаалаг тээвэр-логистик, чухал ашигт малтмалын боломж” сэдэвт стратегийн бодлогын хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Пакистаны Төлөвлөлт, хөгжил, тусгай санаачилгын Холбооны сайд Ахсан Икбал, Азийн хөгжлийн банкны Төв ба Баруун Азийн газрын Ерөнхий захирал Лиа Гутьеррес, Узбекистаны Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны дэд сайд Илзат Касимов, Олон талт хамтын ажиллагааны хөгжлийн санхүүжилтийн төв (MCDF)-ийн Ахлах зөвлөх Аюми Кониши нар оролцов.

Энэ үеэр бүс нутгийн цэвэр эрчим хүчний шилжилт, тогтвортой тээврийн коридор, ухаалаг логистик, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ болон хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжих боломжтой төслүүдийг хэлэлцсэн юм.

ХИЛ ДАМНАСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

“Хөрөнгө оруулалтын зөрүүг нөхөх нь-хөрөнгө төвлөрүүлэх болон хил дамнасан санхүүжилтийн сорилт” эксперт хэлэлцүүлгээр бүс нутгийн томоохон дэд бүтцийн төслүүдэд хувийн хөрөнгө оруулалтыг татах бодит шийдлүүдийг авч үзнэ.

Гүржийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий захирлын орлогч Георги Векуа, “MCS Investment” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мягмаржав, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жахан Шамсиев, Олон улсын санхүүгийн корпорацын Монгол Улс дахь Ахлах төлөөлөгч Матьё Ле Блан нар хил дамнасан хөрөнгө оруулалтын саад, төслүүдийн банкны шаардлага хангах чадамж, холимог санхүүжилтийн боломж, эрсдэл хуваалцах санхүүжилт, дотоодын валютаар санхүүжилт болон хөрөнгийн зах зээлийн боломжийн талаар хэлэлцэнэ.  

Мөн АХБ-ны санхүүжилттэй төслүүдийн худалдан авах ажиллагааны шинэ бодлого, Merit-Based Selection буюу “чадавх, шалгуурт үндэслэн сонгон шалгаруулах арга”-ын талаар бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай танилцуулга хийх бөгөөд АХБ-ны Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Жүн Жэ-Шим илтгэл тавина.  

ЭРЧИМ ХҮЧ, ТЭЭВЭР-ЛОГИСТИК, ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ГУРВАН ТУСГАЙ ФОРУМ БОЛЛОО

Үдээс хойш Эрчим хүчний хөрөнгө оруулалтын форум, Тээвэр ба логистикийн форум, Чухал ашигт малтмалын форум гэсэн гурван салбар хуралдаан зэрэг зохион байгуулагдлаа.

Эрчим хүчний хэсэгт КАРЕК-ийн орнууд эрчим хүчний тэргүүлэх төслүүд, санхүүжилтийн хэрэгцээ, ТХХТ болон хувийн хөрөнгө оруулалтын боломжоо танилцуулж, бүс нутгийн эрчим хүчний холболт, эрчим хүчний шилжилтийг санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэв. 

Тээвэр, логистикийн форумаар КАРЕК-ийн коридорын шинэчлэл, логистикийн хөрөнгө оруулалт, дижитал тээвэр, уур амьсгалд тэсвэртэй авто зам, тогтвортой тээврийн шийдэл болон АХБ-ны шинэ “BUILD Facility” санаачилгыг хэлэлцэв.

Чухал ашигт малтмалын форумаар КАРЕК -ийн чухал ашигт малтмалын нөөцийг олборлолтоос боловсруулах үйлдвэрлэл, өндөр нэмүү өртөг, хөрөнгө оруулалтад бэлэн төсөл рүү шилжүүлэх асуудалд төвлөрнө. “Рио Тинто Коппер Монголиа”, “Орано”, “Аззурро Ресурсез” болон бусад хувийн хэвшлийн төлөөлөл инновац, технологи, үйлдвэрлэлийн өргөжилтийн боломжийг танилцууллаа.