Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийн Бизнес форумын хоёр дахь өдрийн үйл ажиллагаа 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Шангри-Ла зочид буудлын Их танхимд зохион байгуулагдлаа.
Форумын нээлтэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн үг хэлж, Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Ян Инмин “Дэлхийн үнэ цэнийн сүлжээний өөрчлөгдөж буй орчин: КАРЕК болон Монгол Улсын дараагийн үе шат” сэдвээр байр сууриа илэрхийлэв.

КАРЕК хөтөлбөр байгуулагдсаны 25 жилийн ойн энэ онд Монгол Улс хөтөлбөрийг даргалж байна. Эхний өдөр “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэд бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд цэвэр эрчим хүч, ухаалаг тээвэр, логистик, чухал ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцсэн бол өнөөдөр Монгол Улсын бизнесийн орчин, инноваци, гарааны бизнес, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын боломжид анхаарлаа төвлөрүүлж байна.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн нээлтийн үгэндээ өнөөдөр улс орны эдийн засгийн өрсөлдөх чадвар зөвхөн байгалийн баялаг, уламжлалт үйлдвэрлэлээр тодорхойлогдохоо больсныг онцолж, инноваци, технологи, хүний капитал, бүтээмж, санхүүжилтийн хүртээмж, олон улсын зах зээлд холбогдох чадвар эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болж байгааг тэмдэглэв.
Мөн гарааны бизнес, жижиг дунд үйлдвэр, дижитал технологи болон хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүд нь эдийн засгийг төрөлжүүлэх, шинэ ажлын байр бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх өргөн боломжийг нээж байгааг хэлээд, инноваци, бизнес эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх, санхүүжилтийн хүртээмж болон зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулах нь Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэл мөн гэдгийг мэдэгдлээ.
Монгол Улс бүс нутгийн зах зээлүүдийг холбосон газарзүйн байршил, байгалийн баялаг, өсөн нэмэгдэж буй бизнесийн боломжид тулгуурлан бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын холболтод илүү идэвхтэй оролцохыг зорьж буйг дэд сайд хэллээ. Үүний тулд худалдаа, тээвэр, логистикийн дэд бүтцийг сайжруулах, хил дамнасан үйл ажиллагааг хөнгөвчлөх, экспортын чадавхыг нэмэгдүүлэх, дижитал шийдлийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгохын зэрэгцээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн загвар, худалдааны санхүүжилтийн хэрэгслийг өргөжүүлж, Монголын аж ахуйн нэгжүүдийн бүс нутгийн үнэ цэнийн сүлжээнд оролцох боломжийг нэмэгдүүлэх нь чухал гэв.
Мөн өнөөдрийн хоёрдугаар хэлэлцүүлэг Улсын Их Хурлаас энэ оны хаврын чуулганаар баталсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг хөрөнгө оруулагчдад дэлгэрэнгүй танилцуулах боломж олгохыг дэд сайд тэмдэглэв.
Дэд сайд бодлогын шинэчлэлийг бодит хөрөнгө оруулалт болгон хөрвүүлэхэд хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх нь Монгол Улсын хувьд нэн тэргүүний асуудал гэдгийг онцолж, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын тушаалаар Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулагдсан “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийн үйл ажиллагааг танилцуулав.
Тус төв хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг нэг цэгээс хүлээн авч, төрийн холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд бодлого, эрх зүйн түвшинд шийдвэрлүүлэх чиг үүрэгтэй.
Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш богино хугацаанд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдээс ирүүлсэн 300 гаруй санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх ажлыг зохион байгуулаад байна.
Цаашид хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх үндэсний механизмыг бий болгох, төр, хувийн хэвшлийн байнгын зөвлөлдөх тогтолцоог бэхжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчаа сонсдог, дэмждэг, эрх ашгийг нь хамгаалдаг шинэ механизмыг бодитоор хэрэгжүүлж эхэлсэн гэж дэд сайд хэллээ. Тэрбээр Монгол Улсад хөрөнгө оруулахыг зорьж буй бүс нутгийн болон олон улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд Засгийн газар нээлттэй хамтран ажиллаж, бодит дэмжлэг үзүүлэхэд үргэлж бэлэн байгааг онцлон тэмдэглэв.
Нээлтийн үеэр Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч (Өмнөд, Төв болон Баруун Ази) Ян Инмин дэлхийн үнэ цэнийн сүлжээний өөрчлөгдөж буй орчинд КАРЕК болон Монгол Улсыг дараагийн шатанд байршуулах асуудлаар АХБ-ны байр суурийг танилцуулав.
Эхний хэлэлцүүлэг хуралдааныг Монголын Мэдээллийн технологийн парк (IT Park) хариуцан зохион байгуулж байна. Оролцогчид Монголын гарааны бизнес, инновацийн орчин, дижитал дэд бүтэц, санхүүжилтийн хүртээмж, ур чадвар хөгжүүлэх, бүс нутаг болон олон улсын түншлэлээр дамжуулан ЖДҮ, гарааны бизнесүүдийг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ. Дараагийн хэлэлцүүлгээр Хөрөнгө оруулалт, худалдааны газар хариуцан зохион байгуулж, Монгол Улсыг БНХАУ болон КАРЕК-ийн бусад орнуудтай холбосон төмөр зам, авто замын коридор, КАРЕК-ийн 2 дугаар коридороор (Дундад коридортой давхцах) үүсэх боломж, логистикийн төв, худалдааны санхүүжилт, экспортыг дэмжих, PPP загвар, тээвэр-логистик, аялал жуулчлалын салбарын хувийн хөрөнгө оруулалтын боломжийг ярилцлаа. Арга хэмжээний үдээс хойшын хөтөлбөрт “Бизнес хоорондын (B2B), бизнес ба төрийн (B2G) уулзалт: хөрөнгө оруулагч, бизнес, засгийн газруудыг холбох нь” хуралдаан Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Монголын Европын худалдааны танхим (EuroChamber Mongolia)-ын хамтын зохион байгуулалтаар болно. Уулзалтаар стратегийн түншлэл бий болгох, бизнесийг хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжтой холбох, хэрэгжих боломжтой PPP төслүүдийг тодорхойлох, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зурах боломжийг бүрдүүлнэ.







