Монгол Улсын санаачилгаар байгуулагдаж буй КАРЕК Танхимуудын холбоо (CAREC Chambers Alliance, CCA)-ны анхдугаар уулзалт 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Шангри-Ла зочид буудалд боллоо. Уулзалтыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нээж үг хэлэв.

КАРЕК-ийн Бизнес форумын хоёр дахь өдрийн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү уулзалтад КАРЕК-ийн гишүүн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн танхимууд болон бизнесийн төлөөллийн байгууллагуудын удирдлага, төлөөлөгчид, Азийн хөгжлийн банк болон КАРЕК хөтөлбөрийн төлөөлөгчид оролцлоо. Холбоог байгуулах тухай Санамж бичигт гишүүн орнуудын танхимууд өчигдөр буюу Бизнес форумын нээлтийн үеэр гарын үсэг зурсан бөгөөд өнөөдрийн уулзалт нь тус Санамж бичгийн хүрээн дэх анхны албан ёсны уулзалт болов.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү уг холбооны байгуулагдсан нь бүс нутгийн хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чухал алхам гэдгийг онцлов. Үндэсний худалдааны танхимуудын хамтын ажиллагаа бүс нутгийн түвшинд өргөжин тэлснээр бизнес эрхлэгчид шинэ түншлэл тогтоох, зах зээлээ өргөжүүлэх, мэдээлэл солилцох таатай орчин бүрдэнэ гэв.
Мөн бүс нутгийн компаниуд зөвхөн хоорондоо өрсөлдөхөөс гадна хамтран ажиллаж, хил дамнасан дэд бүтэц, эрчим хүч, логистик, үйлдвэрлэл, худалдааны томоохон төслүүдэд хамтран оролцох шинэ боломж бий болно гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Уулзалтад оролцогчдод Монгол Улсын бизнесийн орчинд хийгдсэн шинэчлэлийг танилцуулж, дараах зүйлсийг онцолсон:
Энэ оны долдугаар сард Улсын Их Хурал Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан. Уг хууль бизнес эрхлэх эрх чөлөө, эрх зүйн тогтвортой байдал, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог хязгаарлах суурь зарчмуудыг хуульчилсан анхдагч хууль юм.
Хуультай хамт Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох 97 хуульд өөрчлөлт оруулж, бизнесийн орчныг цогцоор нь шинэчилсэн. Гадаадын хөрөнгө оруулалтад тавьж байсан зарим хязгаарлалтыг арилгаж, гадаадын банк байгуулахад хувьцаа эзэмшлийн хязгаарлалтыг чөлөөлсөн.
Хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, маргааныг олон улсын арбитраар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулсан. Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх үйл ажиллагааг бүрэн цахимжуулснаар бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардал хэмнэгдэж, хүнд суртал, авлигын эрсдэл буурна.
Эдгээр шинэчлэл нь Монголын бизнес эрхлэгчдээс гадна КАРЕК-ийн бүс нутгийн хөрөнгө оруулагч, компаниудад Монгол Улсад үйл ажиллагаа явуулах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх ил тод, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой орчныг бүрдүүлж байгааг тэрбээр тэмдэглэж, оролцогчдыг энэ боломжийг идэвхтэй ашиглахыг урив.
Өнөөдрийн уулзалт нь өчигдөр байгуулсан Санамж бичгийн хүрээн дэх анхны албан ёсны уулзалт тул бодит хамтын ажиллагааны суурийг тавих ач холбогдолтой гэж Төрийн нарийн бичгийн дарга онцолж, бүх оролцогч байгууллагын идэвхтэй оролцоо, бодит санал санаачилга чухал болохыг хэлэв.
Уулзалтаар Холбооны үйл ажиллагааны зохицуулалт, Засаглалын зарчим болон үйл ажиллагааны дэлгэрэнгүй чиглэл, КАРЕК-ийн стратегийн хөтөлбөртэй хамтран ажиллах тэргүүлэх чиглэл зэрэг асуудлаар хэлэлцлээ.





