БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ШИНЭЧЛЭЛ, ТУСГАЙ БОЛОН ЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

A- A A+
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ШИНЭЧЛЭЛ, ТУСГАЙ БОЛОН ЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй “БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ШИНЭЧЛЭЛ, ТУСГАЙ БОЛОН ЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛАХ” арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газрын XI байрны 1 давхарт байрлах “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д байгаль орчны салбарын хууль тогтоомжийн шинэчлэл, тусгай болон энгийн зөвшөөрлийн талаар танилцуулах арга хэмжээ боллоо. 

Арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Батбаяр болон ЭЗХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Д.Дүгэрсүрэн  нар нээж үг хэллээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Батбаяр салбарын хэмжээнд зөвшөөрөл, мэдэгдлийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, цахимжуулалтыг эрчимжүүлэх, шат дамжлагыг цөөлөх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр салбарын хууль тогтоомжид шаардлагатай өөрчлөлт оруулах хүрээнд нийт 14 хуулийн нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга болон анхдагч хуулийн төслийг боловсруулж байгааг дурдаж, хуульд заагаагүй нэмэлт шаардлага, зөвлөлийн шат дамжлагыг арилгах, зөвшөөрөл олгох болон сунгах хугацааг богиносгох чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснийг онцлов. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээний сунгалт, байгаль орчны үнэлгээтэй холбоотой шийдвэрлэлтийн хугацааг богиносгох, зарим зөвшөөрлийг хүний оролцоогүйгээр цахимаар олгох боломжийг бүрдүүлсэн талаар танилцууллаа. Түүнчлэн яамны албан бичиг, өргөдөл, хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлтийн явцыг хянах, хариуг цахимаар хүргүүлэх тогтолцоог нэвтрүүлснийг мэдээлж, цаашид иргэн, аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг нээлттэй хүлээн авч, салбарын зөвшөөрлийн тогтолцоонд тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ЭЗХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Д.Дүгэрсүрэн нээлтийн үгэндээ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг хялбаршуулах, хүнд суртлыг бууруулах, зөвшөөрөл олголтыг цахимжуулах, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийн ач холбогдлыг онцоллоо.

Мөн Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвд холбогдох төрийн байгууллагууд тогтмол ажиллаж, иргэн, аж ахуйн нэгжид зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэх, салбар бүрээр сургалт, хэлэлцүүлэг, мэдээллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгааг онцлов.

Танилцуулгын эхэнд ЭЗХЯ-ны БОБГ-ын ахлах мэргэжилтэн Л.Золзаяа “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол өөрчлөлт, хэрэгжилт” сэдвээр, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн С.Уранмандах “Зөвшөөрөл шийдвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, дүн шинжилгээ” сэдвээр мэдээлэл өглөө.

Үргэлжлүүлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох газрын мэргэжилтнүүд салбарын зөвшөөрлийг танилцууллаа. Тухайлбал, Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын ахлах шинжээч Т.Давааням, ахлах мэргэжилтэн Ж.Мөнхдөш нар байгалийн нөөцийн чиглэлээр олгох тусгай болон энгийн зөвшөөрлийг, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын шинжээч С.Бэлэгсайхан, ахлах мэргэжилтэн О.Баярмаа нар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох тусгай зөвшөөрөл болон судалгаа шинжилгээ явуулах энгийн зөвшөөрлийг, Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын ахлах шинжээч Ө.Мөнхбаяр хүрээлэн буй орчны чиглэлээр олгох тусгай зөвшөөрлийг танилцууллаа. Арга хэмжээний төгсгөлд Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-ын Төсөв, санхүүгийн инновац, хөгжүүлэлтийн газрын дарга Б.Төгөлдөр “Зөвшөөрлийн цахим системийн боломж, өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьж, зөвшөөрлийн цахим системийн шинэчлэл, хөгжүүлэлт болон түүний боломжуудын талаар танилцууллаа.

Уг арга хэмжээ нь 10 дугаар сарын 26-аас 27-ны мягмар гараг хүртэл үргэлжилсэн. Мөн хуваарийн дагуу өдөр бүр холбогдох яам, агентлагийн албан хаагчид төвд ажиллаж, иргэн, бизнес эрхлэгчдэд зөвшөөрөлтэй холбоотой хууль, журам, шаардлагын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна.

Энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилга болон зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд байгаль орчны салбарт мөрдөгдөж буй тусгай болон энгийн зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаарх мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд хүргэх, холбогдох хууль тогтоомжийг таниулах, зөвшөөрөл олгох үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн байгалийн нөөцийн зохистой ашиглалт, тусгай хамгаалалттай газар нутаг, хүрээлэн буй орчны чиглэлээр олгох зөвшөөрлийн шаардлага, шийдвэрлэх үйл явцын талаарх нэгдсэн ойлголтыг бий болгох, зөвшөөрлийн цахимжуулалтыг эрчимжүүлэх, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах замаар төрийн үйлчилгээг хялбаршуулах, захиргааны хүндрэл, хүнд суртлыг бууруулах, байгаль орчны салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд таатай, ил тод, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.