“БАРИЛГЫН САЛБАРЫН ЧӨЛӨӨЛӨЛТ, ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
“БАРИЛГЫН САЛБАРЫН ЧӨЛӨӨЛӨЛТ, ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв”-д Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны саадыг арилгах зорилготой “Барилгын салбарын чөлөөлөлт, зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлт сэдэвт” арга хэмжээ өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр эхэллээ.

Тус арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яамны ТНБД И.Батхүү, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Батболд болон Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын ерөнхийлөгч Н.Баярсайхан нар нээлээ.

Арга хэмжээний нээлтийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшилд түшиглэн нэмэгдүүлэх, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд хууль, эрх зүйн шинэчлэлийн бодит үр дүнг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргэх нь чухал болохыг онцоллоо. Тэрээр зөвшөөрөл олгох үйл явцыг цахимжуулж, бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг 48 цаг хүртэл бууруулсан шинэчлэлийн үр дүнг тэмдэглээд, барилгын салбарт зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал болохыг дурдав.

Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Батболд барилгын салбарын тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг 2025 оноос License.mn цахим системд шилжүүлснээр өмнө нь 14 орчим хоног үргэлжилдэг байсан үйл явцыг 1–3 хоногт шийдвэрлэх боломж бүрдсэнийг онцоллоо. Мөн барилгын ажлын зөвшөөрөл, мэдэгдлийн зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжтой уялдуулан хялбаршуулах, хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тохиолдолд зөвшөөрсөнд тооцох зохицуулалтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг танилцуулав.

Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын ерөнхийлөгч Н.Баярсайхан барилгын салбарын зөвшөөрөл, газар, дэд бүтэц, санхүүжилт, хот төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн зардлыг бууруулахад чухал ач холбогдолтойг онцоллоо. Энэ хүрээнд барилгын салбарт эхний 100 хоногийн хамтарсан туршилтын төсөл хэрэгжүүлж, зөвшөөрөл олгох шат дамжлагыг цөөлөх, давхардсан шаардлагыг арилгах, үйл явцыг цахимжуулах, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай болгох чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын баг байгуулах санал дэвшүүлэв.

Арга хэмжээний хүрээнд бусад илтгэгч Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт, хууль зүйн салбарын зөвшөөрөл олгох үйл явц, хяналт шалгалт, цахим системийн шинэчлэл, түүнчлэн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Үүнд:

Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын ахлах мэргэжилтэн Л.Золзаяа “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол өөрчлөлт, нэгдсэн сангийн журам” сэдвээр, Санхүүгийн мэдээллийн, технологийн төв УТҮГ-ийн захирал Б.Наранбаатар “Зөвшөөрлийн цахим системийн боломж, өөрчлөлт” ийн талаар тус тус мэдээлэл өглөө.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын Хот дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга В.Мөнхжаргал “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөл өнөөгийн нөхцөл байдал ба цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын гүйцэтгэх захирал М.Энхбаатар “Барилгын салбарын чөлөөлөлт, зөвшөөрлийн тогтолцоо /Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн холбогдох нэмэлт, өөрчлөлт/ сэдвээр танилцуулга хийлээ.

Мөн, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Н.Бүжинлхам “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт болон анхаарах асуудал” сэдвээр, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Салбар дундын зохицуулалт, дахин загварчлалын газрын дарга Э.Түвшинбаяр “Төрийн албан хаагч нарын анхаарах асуудлууд, системийн нэвтрэлт” сэдвээр, тус тус танилцуулга хийв.

Арга хэмжээний төгсгөлд Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Цэрмаа “Материал үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийн талаарх авч хэрэгжүүлсэн арга хэмжээ” сэдвээр мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.

Тус сургалт арга хэмжээ үдээс хойшдоо Зөвшөөрлийн мэдээллийн үйлчилгээний нэгдсэн төвд үргэлжлэн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ, “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-аас барилгын салбарын тусгай болон энгийн зөвшөөрөл олголт, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-аас орон сууцны ипотекийн зээл, байгууллагын чиг үүргийн хүрээнд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллана.

Түүнчлэн 11 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д “Барилгын салбараас олгож буй зөвшөөрөл болон төрийн үйлчилгээний талаарх хамтарсан зөвлөгөө, мэдээлэл хүргэх өдөрлөг” зохион байгуулагдана. 

Өдөрлөгт дээрх байгууллагуудын төлөөлөл оролцож, барилгын салбарын зөвшөөрөл, төрийн үйлчилгээний эрх зүйн зохицуулалт, барилга байгууламжийн зураг төсөл, магадлал, чанар, аюулгүй байдал, баталгаажуулалт, норм норматив, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламжийн эд анги, угсралт, засвар үйлчилгээтэй холбоотой тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ болон орон сууцны ипотекийн зээлийн өнөөгийн нөхцөл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөгөө, мэдээлэл хүргэж ажиллах юм.