Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн Ж.Энхбаяр, Эдийн Засаг, хөгжийн дэд сайд С.Даваасүрэн нар Шинжлэх ухааны академи “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн өнөөдрийн /2026.11.10/ үйл явдлыг тохиолдуулан Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборт зочиллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар, улсын төсвийн 154 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 74 мянган кв.м талбайд барьж буй Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор удахгүй нээлтээ хийх гэж байна. Одоогоор хими, физик, ботаникийн лаборатори, тусгай зориулалтын агуулах, оффис гэсэн таван барилга ашиглалтад ороод буй юм.
Цогцолборт салбар дундын нэгдсэн, төрөлжсөн лабораториуд, жишиг үйлдвэрлэлийн цех, оффис, номын сан, хурлын танхим, спорт заал, олдвор, дээж хадгалах агуулах, палеонтологи, археологи, одон орон судлалын музей байрлана. Шинжлэх ухаан, технологи, инновац, танин мэдэхүйн төв болох энэ цогцолборт ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 3,300 орчим эрдэмтэн судлаач, ажилтан ажиллах юм.
Энэ бүтээн байгуулалт шинжлэх ухааны салбар улам хөгжих, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавх бэхжих, эрдэмтэн судлаачдын ажиллах орчин нөхцөл сайжрах зэрэгт томоохон түлхэц болно гэж салбарынхан үзэж байна.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборт зочлох үеэрээ юун түрүүнд, Монгол Улсын Шинжлэх ухааны академи “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн түүхэн үйл явдалд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа монголын шинжлэх ухааны нийт зүтгэлтэн, эрдэмтэн судлаач, ажилтан, албан хаагчдад халуун баяр хүргэлээ.
Мөн тэрбээр, "1921 онд Судар бичгийн хүрээлэнг байгуулсан нь Монголын төр эрдэм мэдлэгийг хөгжлийнхөө түшиг болгон сонгосон алсын хараатай шийдвэр байлаа. Улс орноо сэргээн төвхнүүлэх амаргүй цагт судар номоо цуглуулж, эх түүхээ судалж, дэлхийн эрдэм ухааныг эх хэлнээ түгээхээр зорьсон ахмад үеийнхэн үндэсний шинжлэх ухааны бат суурийг тавьсан юм.
Тэдний эхлүүлсэн эрэл хайгуул судар номын хуудаснаас сансар огторгуйд хүрчээ. 1981 оны 3 дугаар сарын 22-нд Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Владимир Жанибеков нар “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, хамтарсан нислэгийн үеэр анагаах ухаан, биологи, физик технологи, зайнаас тандан судлах чиглэлээр туршилт, судалгаа хийсэн нь Монголын шинжлэх ухааны хөгжлийн бахархалт үйл явдал болсон билээ.
Манай археологич, түүхчид нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт дурсгалыг нээн судалж, өвөг дээдсийнхээ бүтээн туурвих чадварыг дэлхий дахинд таниулсаар ирлээ. Ноён уулын малтлага, судалгаа Хүннүгийн соёл, урлаг, гадаад харилцааг танин мэдэхэд шинэ баримт нэмсэн юм. Эрдэмтдийн судалгаа, өвийг хамгаалах хамтын зүтгэлийн үргэлжлэл болж, 2026 онд “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн нь үндэсний бахархлыг улам бататгалаа.
Монголын палеонтологичид дэлхий дээрх амьдралын хувьслын түүхийг баяжуулахад мөн үнэтэй хувь нэмэр оруулсан. Академич Р.Барсболд болон монгол судлаачдын оролцсон олон улсын баг Дейнохейрус үлэг гүрвэлийн бараг тавин жил тайлагдаагүй оньсогыг тайлж, үр дүнгээ 2014 онд “Nature” сэтгүүлд нийтлүүлсэн нь үүний тод жишээ юм.
Газарзүйчдийн бүтээлцсэн Үндэсний атлас, физикчдийн дэвшүүлсэн квант орны онолын шинэ арга, түүхчдийн туурвисан олон боть бүтээл, хэл шинжлэлийн эрдэмтдийн эмхэтгэсэн эх хэлний их тайлбар толь бол оюуны хөдөлмөрөөр бүтсэн үндэсний үнэт баялаг мөн. Эдгээр бүтээл эх орноо танин мэдэх, түүх соёлоо өвлүүлэх, ирээдүйн хөгжлийн боломжийг нээхэд үйлчилж байна.
Академич Пунсалмаагийн Очирбат 2005 онд, Академич Хавтгайн Намсрай 2014 онд, Монгол Улсын Баатар, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа 2021 онд, академич Дэчингунгаагийн Доржготов 2022 онд, академич Содовсүрэнгийн Нарангэрэл 2025 онд энэхүү одонг хүртсэн билээ. Өнөөдөр Шинжлэх ухааны академи бүхэлдээ энэ хүндэтгэлийг хүртэж буй нь эрдэмтэн хүний гавьяаны хамт эрдмийн хамтын хөдөлмөр, судалгааны залгамж чанарыг төрөөс дээдлэн үнэлж буйн илэрхийлэл юм.
Эрдмийн үйлсийн эхийг тавьсан буурлууд, тэдний өвийг баяжуулсан ахмад эрдэмтэд, өнөөгийн амжилтыг бүтээлцэж буй нийт хамт олонд гүн хүндэтгэл илэрхийлье" хэмээлээ.








