Дэд сайд С.Даваасүрэн ОУВС-гийн Кавказ, Төв Ази, Монгол Улсын бүс нутгийн чадавхыг бэхжүүлэх төвийн захирлыг хүлээн авч уулзлаа

A- A A+
Дэд сайд С.Даваасүрэн ОУВС-гийн Кавказ, Төв Ази, Монгол Улсын бүс нутгийн чадавхыг бэхжүүлэх төвийн захирлыг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Олон улсын валютын сангийн Кавказ, Төв Ази, Монгол Улсын бүс нутгийн чадавхыг бэхжүүлэх төв (CCAMTAC)-ийн захирал Холгер Флоркемайерийг хүлээн авч уулзан, эдийн засгийн бодлого болон институцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Дэд сайд С.Даваасүрэн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог хангах, бодлого төлөвлөлтийн үр нөлөөг нэмэгдүүлэх хүрээнд төрийн байгууллагуудын хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн төрийн албан хаагчдын бодлого боловсруулах чадавхыг бэхжүүлэх, макро эдийн засгийн загварчлал, тооцоолол, шинжилгээний ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, техникийн туслалцааны хэрэгцээ шаардлагын талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын төгсгөлд CCAMTAC-ын зүгээс эдгээр чиглэлээр хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.