Нэгдсэн Үндэстний байгууллагын Европын Эдийн засгийн хорооны (НҮБ-ын ЕЭЗХ) Төр, хувийн хэвшлийн түншлэлийн ажлын хэсгийн 10 дугаар хурал 2026 оны 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотод зохион байгуулагдлаа.
Хуралд нийт 100 гаруй улсын төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсыг төлөөлж Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан, Төрийн захиргааны удирдлагын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ариунбилэг нар оролцов.
Хуралд оролцсон бусад орны төлөөллүүд өөрийн улс оронд тулгамдаж байгаа түншлэлийн төслийн талаарх асуудлууд болон сайн туршлагуудын талаар нээлттэй танилцууллаа.
Хурлын үеэр Монгол Улсын төлөөлөн Т.Баясгалан үг хэлэхдээ, Монгол улс төслийн бэлтгэл ажлыг дижитал шилжилтээр жигд стандартад оруулах, ил тод байдал, өгөгдлийн чанарыг сайжруулахын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн SOURCE платформыг нэвтрүүлж байгаагаа онцлоод, технологийг хууль эрх зүй, бодлоготой уялдуулах, байгууллага хоорондын зохицуулалтыг сайжруулах, ажилтнуудын чадавхыг бэхжүүлах, хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллах нь чухал гэдгийг тэмдэглэв. Эдгээр хүчин чармайлт нь төслийн чанарыг дээшлүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, санхүүжүүлэх боломжтой төслүүдийн найдвартай жагсаалтыг бүрдүүлнэ гэж Монгол Улс хүлээж байгаа талаар дурьдсан юм.
Томилолтын баг Монгол Улсаас Швейцарын Холбооны Улс дахь Элчин сайдын яамаар зочилж Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бөгөөд НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаатай уулзан ярилцаж санал бодлоо солилцов.






