Чөлөөт бүсэд мөрдөх журмын төсөлд санал авах тухай

A- A A+
Чөлөөт бүсэд мөрдөх журмын төсөлд санал авах тухай

ТАНИЛЦУУЛГА

Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг 2002-2003 онд тус тус батлан мөрдүүлж байсан бөгөөд 2015 онд эдгээр хуулиудыг нэгтгэн Чөлөөт бүсийн тухай хуулийг баталсан.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 8-д Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна гэсний дагуу Монгол Улсын Засгийн газраас Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлж Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар эцэслэн баталснаар Чөлөөт бүсийн тухай хуулийн нэр томьёо, найруулга, зүйл, заалт хоорондын зөрчил арилж, бусад хуулийн нийцэл хангагдаад байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар тогтоолоор “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг баталж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Гэвч уг тогтоолын үндэслэл болгосон Чөлөөт бүсийн тухай хуулиуд хүчингүй болсон бөгөөд журмыг тухайн оныхоо 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэхээр тогтоосон.

Чөлөөт бүсийн тухай хууль батлагдсанаар чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэх, чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, чөлөөт бүсээс барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах болон газрын харилцааны зохицуулалт зэргийг хамруулсан нийтлэг журмыг хууль тогтоомжийн хүрээнд батлан мөрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болоод байна.

Түүнчлэн хилийн шалган нэвтрүүлэх чиг үүргийг Гадаадын иргэн, харьяатын газар хэрэгжүүлж байсныг хуулиар Хил хамгаалах ерөнхий газрын чиг үүрэгт буцаан шилжүүлсэн тул хил, гааль, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг зэрэг мэргэжлийн байгууллагуудын чөлөөт бүсэд хэрэгжүүлэх чиг үүрэг, ажлын уялдааг зохицуулах шаардлагатай байна.

Чөлөөт бүсийн хөгжлийн асуудал нь 2003-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын, 2008-2012 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын, 2012-2014 онд Монгол Улсын Шадар сайдын болон Эдийн засгийн хөгжлийн сайдын, 2014-2016 онд Аж үйлдвэрийн сайдын, 2016-2021 онд Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаад Монгол Улсын засгийн газрын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хамаараад байна.

Чөлөөт бүсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9-д заасан “чөлөөт бүсийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг батлах” эрх нь чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний бүрэн эрхэд хамаарч байна.

Иймд Чөлөөт бүсийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, дээр дурдсан хэрэгцээ шаардлагуудад үндэслэн “Чөлөөт бүсэд мөрдөх нийтлэг журам”-ын төслийг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, нөлөөллийн шинжилгээг хийж, мэргэжлийн байгууллага,  хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулан, гарсан саналыг тусгасан.

Журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хүснэгтээс татаж авна уу. 

ЧӨЛӨӨТ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ Журам татах
ЧӨЛӨӨТ БҮСЭД СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ Журам татах
ЧӨЛӨӨТ БҮСЭД ТАМХИ ХУДАЛДАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭНГИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ Журам татах