“ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” долоо хоногийн арга хэмжээ үргэлжилж байна.
Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд ХЗДХЯам, ЦЕГ, НЦУГазартай хамтран зохион байгуулж буй “ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” долоо хоногийн арга хэмжээний хоёр дахь өдрийн сургалт, хэлэлцүүлэг 2026 оны аравдугаар сарын 13-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-д үргэлжилж байна.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Нийслэлийн цагдаагийн байгууллагын харьяа нэгжүүдийн зөвшөөрлийн асуудал хариуцсан удирдах болон эрх бүхий албан хаагчид оролцож, зөвшөөрөл, мэдэгдлийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, зөвшөөрөл шийдвэрлэх үйл ажиллагаа, цахим системийн ашиглалт болон алба хаагчдын анхаарах асуудлаар мэдээлэл авч, санал солилцов.
Арга хэмжээг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан хэлсэн үгэндээ зөвшөөрөл, мэдэгдэлтэй холбоотой хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгжээс хуульд заагаагүй баримт бичиг, шаардлага нэхэхгүй байх, үйл ажиллагаанд нь үндэслэлгүйгээр саад учруулахгүй байх, зөвшөөрөл шийдвэрлэлтийг хуульд нийцүүлэн шуурхай зохион байгуулах асуудалд анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцлов.
Улсын Их Хурлаас 2026 оны долоодугаар сарын 3-ны өдөр баталсан “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах нь тус арга хэмжээний гол зорилго юм.
Сургалт, хэлэлцүүлгийн хүрээнд зөвшөөрлийн нэгдсэн цахим системийн боломжийг ашиглах, төрийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн зөрүүг арилгах, иргэд, бизнес эрхлэгчдэд үнэн зөв мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр алба хаагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Цагдаагийн алба хаагчид зөвшөөрөл, мэдэгдлийн талаарх хууль тогтоомжийг чанд мөрдөж, иргэн, бизнес эрхлэгчдэд зөвлөн тусалж, төрийн үйлчилгээг хуулийн хүрээнд шуурхай, ил тод хүргэхэд анхаарч ажиллана.
“ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” долоо хоногийн арга хэмжээ нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны саадыг бууруулахад чиглэж байна.


