БНСУ-ТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ГУРАВ ДАХЬ ШАТНЫ ХЭЛЭЛЦЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
БНСУ-ТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ГУРАВ ДАХЬ ШАТНЫ ХЭЛЭЛЦЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гурав дахь шатны хэлэлцээ 2024 оны 09 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Гурав дахь шатны хэлэлцээ нь нийт 4 өдрийн турш үргэлжилж бараа, үйлчилгээний худалдаа, гарал үүслийн дүрэм, хөрөнгө оруулалт, гаалийн журам ба худалдааг хөнгөвчлөх, цахим худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хууль эрх зүйн ба институтийн асуудал, оюуны өмчийн эрх, худалдаан дахь техникийн саад тотгор зэрэг нийт 13 бүлгийн хүрээнд 17 ажлын хэсэг ажиллаж, яриа хэлэлцээг хийлээ. Энэ нь БНСУ-тай байгуулах хэлэлцээрийн ажил эрчимтэй үргэлжилж байгааг харуулж байна.

БНСУ нь аж үйлдвэржсэн, хөгжингүй орон учраас тус улстай худалдааны хэлэлцээр байгуулах нь манай улсын хувьд экспортын барааны зах зээлийг тэлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах улмаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээг БНСУ-ын талаас Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэлэлцээний асуудал хариуцсан газрын дарга Ноён Пэоб Мин Рю, монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар тус тус ахалж оролцлоо.