Олон улсын валютын сангийн (ОУВС) Дүрмийн IV заалтын дагуу Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 1-ний хооронд Улаанбаатар хотноо ажиллаа.
Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон холбогдох албан төлөөллүүд ОУВС-ын ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, дунд хугацааны эдийн засгийн болон төсөв, санхүүгийн байдалд хийсэн дүн шинжилгээ, үр дүнгийн талаар ярилцав.
ОУВС-ын зүгээс Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй томоохон төсөл, арга хэмжээг тэргүүлэх чиглэлээр эрэмбэлэх, оролцогч талуудын уялдаа холбоо, зохион байгуулалтыг хангах нь чухал болохыг онцлон дурдаж, мөн цаашид төсөв санхүү мөнгөний чиглэлээр холбогдох байгууллагуудыг чадавхжуулах, туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ.
Хатагтай Ангана Банержигийн Монгол Улсыг хариуцан ажиллах хугацаа дуусаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хамтран ажилласандаа таатай байгаагаа дурдаж, үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв.