“АШИГТ МАЛТМАЛ, АЖ ҮЙЛДВЭР, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН IX ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“АШИГТ МАЛТМАЛ, АЖ ҮЙЛДВЭР, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН IX ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 9 дүгээр хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Берлин хотноо зохион байгуулагдлаа.
Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 9 дүгээрхуралдааныг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Удо Филипп нар тэргүүлэн оролцов.
Ажлын хэсгийн хуралдаанаар талууд хоёр улсын хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн тэлэхэд Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм чухал үүрэгтэйг талууд онцолж, цаашид хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг танилцуулж, түүнд тусгагдсан 14 мега төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, ялангуяа зэс, ган хайлуулах үйлдвэр байгуулах, алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах санал тавьж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн төсөлд оролцох боломжтойг мэдээлэв. 
Түүнчлэн Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн дэргэдэх Монгол, Германы Эдийн засгийн хорооны монголын талыг төлөөлж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон, германы талын дарга WPD ХХК-ийн Ази хариуцсан захирал Ханс-Кристоф Брумберг нар 2024 оны 11дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан Монгол, Германы Эдийн засгийн хорооны 10 дугаар хуралдааны дүн, хуралдааны протоколд тусгах тодорхой саналаа танилцуулав. 

Цаашид хамтын ажиллагааг тогтвортой эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, нэмүү өртөгийн сүлжээг дэмжихэд чиглүүлэн хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй болохыг талууд онцлон хэлэлцлээ.