Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын хөтөлбөр хэрэгжүүлнэ

A- A A+
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын хөтөлбөр хэрэгжүүлнэ

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиштэй уулзалт зохион байгуулж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, холбогдох үйл ажиллагааны явц, ололт амжилт болон цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Жендэрийн үндэсний хорооны зүгээс Эдийн засаг, хөгжлийн яам жендэрийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд тодорхой ахиц дэвшил гарган, сайн туршлагуудыг бий болгож байгааг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв. Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааг жендэрийн тэгш байдлыг хангах олон улсын стандарттай уялдуулан, жендэрийн мэдрэмжтэй, хариуцлагатай байгууллага болгон чадавхжуулах шаардлагатай талаар санал, зөвлөмж өглөө.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хариуцдаг тэргүүлэх чиглэлийн яамны хувьд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогыг бүх түвшинд тууштай, үр дүнтэй хэрэгжүүлж, уг чиглэлээр манлайлан ажиллахаа илэрхийллээ.