
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Зам, тээврийн яамны удирдлагуудтай уулзаж, салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн явц, тулгамдаж буй асуудал, цаашдын бодлогын талаар хэлэлцэв.
Уулзалтын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын салбарын ачаа тээвэр 2025 онд 48 сая тоннд хүрсэн бөгөөд 2026 онд 55 сая тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг танилцууллаа. Мөн 2026 онд төмөр замаар хоёр сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөсөн бол агаарын тээврийн зорчигчдын тоог энэ онд 2.7 сая болгон нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэсэн юм.

Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын гүйцэтгэл 9.5 хувьтай үргэлжилж байна. Уг төслийг 2027 онд бүрэн ашиглалтад оруулснаар жилд 30 сая тонн экспортын ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ. Харин Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан онцоллоо.
Түүнчлэн Замын-Үүд-Чойр чиглэлийн тусгай зориулалтын авто замын төслийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдсан бөгөөд тус чиглэлээр Монгол Улсын импортын нийт ачааны 74 хувийг тээвэрлэж байгаа ч авто замын даац, ачаалал хэтэрч, ашиглалтын хүндрэл үүсээд байгаа гэв. Түүнчлэн Цогтцэций, Ханбогд сумаас Манлай сум, Дундговь аймгийн Өлзийт сум, Мандалговь сум хүртэлх авто замын төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал жилд 1.6 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтайгаар ашиглалтад орсон боловч зорчигчдын тоо 2025 онд 2.4 саяд хүрсэнтэй холбогдуулан нисэх буудлын өргөтгөл, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг яаралтай хэрэгжүүлэх шаардлага үүсээд байгааг танилцуулсан юм.

Уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр төмөр замын ачаа болон зорчигч тээвэр, авто зам, агаарын тээврийн салбарууд өнөөгийн хүчин чадлынхаа дээд хэмжээнд хүрсэн байгааг онцлон тэмдэглэв. Цаашид эдийн засгийг тэлэх, өсөлтийг хадгалахын тулд дэд бүтцийн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнесийн орчныг илүү таатай болгох шаардлагатайг онцоллоо.

Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, эдийн засгийн үр өгөөж өндөртэй төслүүдийг дэмжин, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад Эдийн засаг, хөгжлийн яам бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Улс төрийн шинж чанартай, эдийн засгийн өгөөж багатай төсөл хөтөлбөрүүдээс татгалзаж, бодит үр ашигтай төслүүдийг шуурхай эхлүүлж, хугацаанд нь дуусгах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.


