Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын бодлого, 2026 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар хэлэлцэв

A- A A+
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын бодлого, 2026 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Даваасүрэн нар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагуудтай салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар уулзаж ярилцлаа. 

Уулзалтын эхэнд сайд Ж.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Улсын Их Хурлын дарга Н.Учрал нараас өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэх, эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгааг онцолж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын бодлого зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонслоо. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням салбарын 2026 оны төлөвлөлтийн талаар танилцуулж, нүүрс 90 сая тонн, зэс 1.9 сая тонн, төмрийн хүдэр 9.4 сая тонныг олборлохоор төлөвлөж байгааг мэдээлэв. Тэрбээр мөн Монгол Улсад одоогийн байдлаар ашигт малтмалын хайгуулын 1031, ашиглалтын 1771 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгааг дурдсан юм.

Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн уул уурхай, тээвэр логистикийн асуудлыг Засгийн газрын 300 хоногийн төлөвлөгөөнд тусгасан болохыг онцлоод бодит үр дүн гаргах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн критикал минералс (стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал)-ын чиглэлээр ямар бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа талаар тодруулж, Баялгийн сангийн эрх зүйн орчинд оруулах өөрчлөлт, зохион байгуулалтын талаар тодорхой мэдээлэл авах хүсэлт тавив.

Түүнчлэн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн харьцаа урвуу байдалд орсон нь салбарын тогтвортой хөгжлийг хангахад эрсдэл үүсгэж байгааг дурдаж, үүнийг хэвийн түвшинд хүргэхэд шаардагдах санхүүжилтийн хэмжээ, хэдэн жилийн хугацаанд ямар хэмжээний төсөв үе шаттайгаар гаргах шаардлагатай талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас тодрууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагууд геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь урт хугацаанд уул уурхайн салбарын суурь чадавхыг бэхжүүлэх чухал ач холбогдолтойг онцолж, энэ чиглэлийн төсвийг төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах шаардлагатай байгааг тэмдэглэлээ. Уул уурхайгаас хамааралтай эдийн засаг бүхий улс орнууд геологийн салбараа тогтвортой санхүүжүүлдэг олон улсын жишгийг дурдсан юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2026 оныг “Бодлогын шинэчлэлийн жил” болгон зарлаж, Монгол Улсын 14 мега төслийн хүрээнд Монгол-Францын хамтарсан ураны төсөл, нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, зэс боловсруулах цогцолбор, гангийн цогцолбор, газрын тос боловсруулах цогцолбор, алт цэвэршүүлэх үйлдвэрийн нийт зургаан төслийг тус яам хариуцан хэрэгжүүлж байгааг танилцуулав.

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах хүрээнд Ашигт малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон шинэчилсэн найруулгын төслүүдийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцох аргачлалыг шинэчилж, ашигт малтмал олборлож буй орон нутагт тодорхой хувийг үлдээдэг олон улсын жишгийг нэвтрүүлэх шаардлагатай гэсэн юм. Ингэснээр орон нутгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулах, иргэдийн ойлголцол, дэмжлэгийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэв.

Уулзалтын төгсгөлд талууд уул уурхай, аж үйлдвэрийн салбарын бодлогын уялдаа холбоог сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар санал нэгдлээ.