Байгаль орчны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсэв

A- A A+
Байгаль орчны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсэв

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр тэргүүтэй яамны удирдлагын багийг хүлээн авч уулзав. Уулзалтаар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын бодлого, эрх зүйн орчин, өнөөгийн төлөв байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр уулзалтын үеэр салбарын төсөл, хөтөлбөрийг эрэмбэлэн хэрэгжүүлэх, уялдаа холбоог сайжруулах нь чухал болохыг онцолж, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг танилцууллаа.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар салбарын эрх зүйн орчин шинэчлэгдээгүй удсантай холбоотойгоор салбарын зохицуулалт хангалтгүй байгаа тул яамны зүгээс 14 хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар төлөвлөж буйгаа танилцууллаа. Мөн салбарын төсөв, хөрөнгө оруулалт буурч байгаа нь төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгааг тэмдэглэв.

Судалгаагаар ган, зудын давтамж 45 хувиар нэмэгдэх, газрын доорх цэвдэг 61 хувиар буурах төлөвтэй байна. Энэ нөхцөл байдалд хүлэмжийн хийг бууруулах, цөлжилтийн судалгаа хийх шаардлага зайлшгүй тулгарч байгаа гэсэн юм. Ялангуяа цөлжилтийн судалгааг 2020 оноос хойш хийгээгүй байна. Одоогоор Монгол орны нийт газар нутгийн 17 хувьд усны судалгаа хийгдсэн бөгөөд цаашид бусад нутгуудад төсвийн санхүүжилтээр усны нөөцийн судалгааг хийх шаардлага бий. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яам бодлогын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүссэн юм.

Ойн салбарын хувьд 2.1 сая га талбайд хөнөөлт шавьжийн тархалт судлагдсан бөгөөд цаашид тархалт эрс нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хүрээнд 2026 онд 70 сая мод тарихаар, улсын газар нутгийн 30 хувийг 2030 он гэхэд тусгай хамгаалалтад авах, гол мөрний урсацын эхийн 55 хувийг хамгаалалтад авах зорилтоо танилцууллаа.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж, үүнтэй уялдуулан бодлогын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.