
Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Хамтын ажиллагааны дэд хорооны III уулзалт боллоо.
Уулзалтаар Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Ургамал хамгааллын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зэрэг байгууллагын нийт 15 төлөөлөгч оролцсон юм. Харин Японы талаас Гадаад хэргийн яам, Эдийн засаг, аж үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн яам, Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яам, Япон-Монголын Эдийн засгийн хороо, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Японы гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO) зэрэг байгууллагын төлөөлөгчид танхимаар болон цахимаар оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд талууд энэхүү уулзалт нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 10 жил өнгөрч буйг онцлолж, өнгөрсөн хугацаанд гарсан ахиц дэвшил, тулгамдаж буй сорилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэж, хэлэлцээрийг харилцан ашигтай болгох үүднээс бодит үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдэл, хамтарсан арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлцгээв.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уул уурхайн бус экспортын хэмжээг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдийн үр дүнг танилцуулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Монголын талаас онцгойлон тэмдэглэв.
Мөн Монголын аж ахуйн нэгжүүдийн Японы зах зээлд нэвтрэхэд тулгарч буй техникийн болон стандартын шаардлагатай холбоотой бэрхшээл, санхүүжилтийн хүртээмж, зах зээлийн мэдээллийн дутмаг байдал зэрэг асуудлыг хөндлөө. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд Японы талын холбогдох байгууллагуудтай хамтран ААН-үүдэд дэмжлэг үзүүлэх, стандартын талаарх мэдээлэл, сургалт, зөвлөгөөгөөр хангах, бизнес хоорондын шууд хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал нэгдэв.

Уулзалтаар ЭЗТХ-ийн хүрээнд тодорхой асуудал хариуцахаар заасан дэд хороодыг идэвхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө болон хэрэгжилтийн хяналтын механизмыг боловсронгуй болгох, барааны худалдаа, гарал үүслийн дүрэмтэй холбоотой асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатайг Монголын талаас онцоллоо.
Хамтын ажиллагааны дэд хорооны III уулзалтын үр дүнд ЭЗТХ-ийн хэрэгжилтийг илүү бодит, хэмжигдэхүйц эдийн засгийн үр дүнд хүргэх, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог бодитоор дэмжих чиглэлээр хамтарсан санал, зөвлөмжийг боловсруулах, шаардлагатай техникийн уулзалт, арга хэмжээг авч, зохион байгуулахаар шийдвэрлэлээ.


