“Уул уурхайн салбарын 7 хоног” -ийн хүрээнд салбарын тулгамдсан асуудлуудыг нэг дор хэлэлцлээ

A- A A+
“Уул уурхайн салбарын 7 хоног” -ийн хүрээнд салбарын тулгамдсан асуудлуудыг нэг дор хэлэлцлээ

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулсан “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээ болж өндөрлөлөө.

Арга хэмжээний хүрээнд салбарын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдэд АҮЭБЯ-аас геологи, уул уурхай, газрын тос, аж үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчны шинэчлэлийн явц, цаашид төрөөс баримтлах бодлого чиглэлийн талаар танилцуулж, оролцогчдын санал хүсэлтийг сонсов. Мөн АМГТГ тусгай зөвшөөрлийн төлөвлөгөө, тайлан боловсруулахтай холбоотой асуудлаар тайлбар, зөвлөгөө өгч, зарим аж ахуйн нэгжид тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Үүний үр дүнд хайгуулын ажлын 12 төлөвлөгөө, 9 тайлан, уулын ажлын 15 төлөвлөгөө, 13 тайлан тус тус баталгаажсан байна.

Үндэсний геологийн албанаас 2020-2025 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн судалгааны ажлын үр дүн, салбарын цахимжилтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, хөрөнгө оруулагчдад геологийн судалгаа, ерөнхий эрлийн ажлын тайлан мэдээлэлтэй танилцах, ашиглах арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Геологийн мэдээллийн хүртээмж нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулах шийдвэр гаргалтад чухал нөлөөтэйг онцолсон юм.

Арга хэмжээний төгсгөлийн өдөр буюу өнөөдөр Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсан, шилжүүлсний татвар” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Сангийн яам, ЭЗХЯ, АҮЭБЯ, Татварын ерөнхий газар болон салбарын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.  Мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг танилцуулж, уул уурхайн салбарын төлөөллөөр хэлэлцүүллээ. 

МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа арга хэмжээг хааж хэлсэн үгэндээ уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хууль эрх зүйн шинэчлэл шаардсан бодлогын түвшний асуудал болон компаниудад өдөр тутам тулгарч буй бодит хүндрэлүүд гэж авч үзвэл Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвөөс хэрэгжүүлж буй энэхүү загвар нь өдөр тутмын саад бэрхшээлийг богино хугацаанд шийдвэрлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах үр дүнтэй механизм болж чадна гэдгийг тэмдэглэв.

Мөн МУУҮА цаашид хууль тогтоомжтой холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийлээд Хөрөнгө оруулалтын эрх ашгийг хамгаалах төвийн хувьд энэхүү жишиг нь тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх тогтвортой загвар болж, холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан ажиллах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж, тус төвийг цаашид энэ зарчмаар ажиллахыг хүсэж байна гэж хэллээ.