
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар тэргүүтэй тус яамны удирдлагуудыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарт 2026-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, хөтөлбөр, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо.
Сайд Э.Батшугар мэдээлэлдээ 2026 оныг “Хиймэл оюун, их өгөгдлийн жил” болгон зарлаж, их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулж буйг онцлов. Уг стратеги нь үндэсний давуу тал, ялгарлыг түшиглэн их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар Монгол Улсыг Ази тивийн тэргүүлэгч 10 улсын нэг болгох зорилготой гэв.

Үндэсний их өгөгдлийг зах зээлийн зарчимд тулгуурлан эдийн засгийн эргэлтэд оруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлд суурилсан ёс зүйтэй, хариуцлагатай хиймэл оюуны тогтолцоог бүрдүүлэх, хувийн хэвшлийн хөгжүүлсэн хиймэл оюуны шийдлүүдийг ашиглан нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын бүтээмжийг нэмэгдүүлэх юм байна. Мөн хиймэл оюуны дэд бүтцийн зах зээлд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах замаар дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгахаар төлөвлөж байгааг дурдлаа.
Төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрт шилжүүлэх зорилгоор төрийн бүх шатанд “Цахимаар нэн тэргүүнд (Digital First)” зарчмыг хэрэгжүүлж, технологийг шийдвэр гаргалт, бодлого боловсруулалт, үйлчилгээ үзүүлэх бүхий л түвшинд тэргүүн эгнээнд тавьж, уламжлалт, цаасан суурьтай, олон шат дамжлагатай үйл ажиллагаанаас татгалзах бодлого баримталж буйг онцоллоо. Энэ нь төрийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, иргэдийн сэтгэл ханамж, төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх суурь нөхцөл болох юм.
Эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн тухай, Сансарын тухай, Өгөгдлийн тухай, Хиймэл оюуны тухай, Цахим худалдааны тухай, Гарааны бизнесийг дэмжих тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулахаар төлөвлөж байгааг сайд Э.Батшугар тодотголоо.

Уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр цахим шилжилтийн үр дүн, эдийн засгийн өгөөжийн талаар тодруулахад, “И-Монгол” систем нэвтэрснээр эдийн засагт 1.8 их наяд төгрөгийн хэмнэлт бий болсон. Нэг цэгийн үйлчилгээний болон орон нутгийн бүртгэлийн зарим орон тоо буурсан талаар мэдээлэв. Одоогоор 822 төрийн үйлчилгээ цахимжаагүй байгаа ч эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан үе шаттайгаар цахимд шилжүүлэх ажлыг эхлүүлнэ хэмээв.
Сайд Ж.Энхбаяр цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувийг бүрдүүлж буйг онцолж, тус салбарын ажлуудыг эрэмбэлэн хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх, төрийн их өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар үр өгөөжийг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэл өглөө.
Мөн Үндэсний хэмжээний GPU кластер төв байгуулах, монгол хэлний хиймэл оюуны загвар (Mongolian language modeling)-ийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.


