
Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Аялал жуулчлалын салбарын 7 хоног” арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр “Жуулчны бааз, стандарт” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Горхи-Тэрэлжийн бүсийн гэр баазуудын төлөөлөл болон Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Булган аймгуудад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр жуулчны баазын үйл ажиллагаанд мөрдөх стандартын шинэчлэл, шаардлага, тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй гэр баазуудад тавигддаг зөвшөөрөл, хяналт шалгалтын давхардал, ойлгомжгүй зохицуулалт нь бизнесийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж буй байдлын талаар оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм. Мөн дэд бүтэц (цахилгаан, зам, ариун цэврийн байгууламж, бохир усны шийдэл)-ийн хүрэлцээ муу байдал нь стандартын шаардлагыг бүрэн хангахад хүндрэл учруулж буй тухай, жуулчны улирлын богино хугацаа, хүний нөөцийн тогтворгүй байдал, мэргэжлийн боловсон хүчний хомсдлын талаар ч ярьцгаасан юм. Түүнчлэн гэр баазын ангилал, үнэлгээ, чанарын шалгуур нэгдсэн бус, ойлгомжгүй байдлыг цэгцэлж өгөхийг хүслээ.

Нээлттэй хэлэлцүүлэгт нийт 100 гаруй жуулчны бааз, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, салбарын стандартын шинэчлэл, бодлогын зохицуулалтад хувийн хэвшлийн саналыг тусгах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлэв. Мөн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал, зөвлөмжийг хэлэлцэв.
Энэхүү хэлэлцүүлэг нь жуулчны баазын үйл ажиллагааг стандартчилах, салбарын тогтвортой хөгжил, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам болохыг зохион байгуулагчид онцолж байна.


