
Монгол Улсын Засгийн газраас нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл түүнийг дагаж Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон бусад дагасан хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулгадаа онцоллоо.
Монгол Улс дэлхийд хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлын хувьд хангалтгүй үзүүлэлттэй байгааг танилцуулав.
- Хөрөнгө оруулагчийн гомдол, маргааныг шийдвэрлэх тогтолцоогоороо сул буюу 184 улсаас 109 дүгээр байрт,
- Шүүхийн маргаан шийдвэрлэх хугацаа урт, шийдвэр нь биелдэггүй байдлаараа 184 улсаас 72 дугаар байрт,
- Бизнес эхлүүлэх үе шат, хугацаа, зардал өндөр буюу бизнесийн эрх чөлөөгөөрөө 184 улсаас 85 дугаар байрт
- Эмчийн эрхийн баталгаа хангалтгүй 184 улсаас 94 дүгээр байрт,
- Бүх шатанд төрийн зөвшөөрөл шаарддаг байдлаараа 184 улсаас 115 дугаар байр тус тус жагсаж байна.
Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл гурван гол бодлогын арга хэмжээг багтаасан.
Нэгдүгээрт, бизнесийн эрх чөлөөг хангах талаар баримтлах зарчим
- Хуулиар хориглосноос бусад бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлнэ.
- Бизнес эрхлэгчдийн өмчийн хэлбэл, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, салбар гэх зэргээр ялгаварлан гадуурхахгүй.
- Шударга өрсөлдөөнийг дэмжинэ.
- Зохицуулалтын ил тод, ойлгомжтой урьдчилан мэдэх боломжтой, таамаглахуйц байдлыг хангана.
- Олон нийтийн оролцоог хангана.
Хоёрдугаарт, Төрийн бодлого
- Төрийн үйлчилгээ цахим, ил тод, бизнес эрхлэгчээс мэдээллийг нэг удаа авах бодлого баримтална
- Эрсдэлийн үнэлгээнд суурилсан давхардалгүй, хяналт шалгалт хэрэгжүүлнэ
- Төр бизнес эрхлэгчидтэй өрсөлдөх бизнесийн үйл ажиллагаа эрхлэхгүй байх бодлого баримтална
- Бизнес эрхлэгчдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалтыг баримтална
Гуравдугаарт, төрийн үйл ажиллагаанд хориглох зүйл
- Бизнесийн эрх чөлөөг хязгаарласан хориглосон хууль тогтоомж батлан гаргахыг хориглоно
- Өмч хөрөнгийг хууль бусаар хураан авах, дайчлахыг хориглоно
- Бизнесийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл гаргах, түгээхийг хориглоно
- Төрөөс зүй бусаар бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх, оролцох, хуульд заагаагүй төрийн хяналт шалгалтын дүрэм, журам, акт гарган хэрэгжүүлэхийг хориглох талаар хуулийн төсөлд тусгасан байна.
Хөрөнгө оруулалтын тухай хууль 2013 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хууль эрхзүйн орчныг яаралтай боловсронгуй болгох шаардлагатайг онцлов. Маргаан шийдвэрлэх үйл явц удааширч, хууль шүүхийн байгууллагад 5-10 жил болдог, шийдвэр гарсан ч хэрэгждэггүй байдал үүсдэг. Иймд, хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, маргааныг олон улсын арбитраар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулна. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг 40 гаруй хуулиар хязгаарласан зөрчлийг арилгана гэдгийг онцоллоо.


