Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНСУ-ын Шадар сайд бөгөөд Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн сайд Бэ Кён Хүн-ийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд Монгол, Солонгос хоёр орон газарзүйн байршил ойр, угсаа гарал дөхөм, Алтай язгуурын хэлтэй ард түмэн бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж ирсэнд таатай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Солонгос Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол үзүүлдгийг цохон тэмдэглэв.
Талууд дижитал эринд хиймэл оюуны судалгаа, хөгжүүлэлт, дэд бүтэц, дата төв болон хиймэл оюуныг хүн бүрт хүртээмжтэй болгох чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрнгүй санал, мэдээлэл солилцлоо.
Цаашлаад энэ өдөр хоёр тал хамтран зохион байгуулж буй Монгол - Солонгосын шинжлэх ухаан, технологийн хамтарсан хорооны III хуралдааныг үр дүнтэй зохион байгуулах, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы Монгол Улсад хийх Төрийн айлчлалаар Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулахын ач холбогдлыг хэлэлцлээ.
Үргэлжлүүлээд Тэргүүн Шадар сайд Монгол Улсын Засгийн газраас Эдийн Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, түүнийг дагасан Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрлийн тухай зэрэг 97 хуульд нэмэлт өөрчлөлт оруулан батлуулж, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг нээж өгсөн нь хоёр талын эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд ач холбогдолтой чухал алхам болсон талаар дурдан хууль, эрх зүйн орчны эдгээр шинэчлэлийн хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтад үзүүлэх нөлөөг онцлов.
Түүнчлэн Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд байгуулахаар төлөвлөж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ач холбогдлын талаарх санал бодлоо илэрхийллээ.
Хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тохиролцоход Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал өндөр ач холбогдолтой талаар талууд санал нэгдсэн юм.






