Японы Олон улсын найрамдал, эдийн засгийн солилцооны зөвлөлийн дарга Ясухиса Фукудаг хүлээн авч уулзлаа

A- A A+
Японы Олон улсын найрамдал, эдийн засгийн солилцооны зөвлөлийн дарга Ясухиса Фукудаг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Японы Олон улсын найрамдал, эдийн засгийн солилцооны зөвлөлийн дарга Ясухиса Фукуда тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийг чөлөөлөх, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд төр, засгаас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон эдгээр чиглэлээр хийж байгаа хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Япон Улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд дөнгөж шилжих үед Монгол Улсад тулгарч байсан олон асуудлыг, ялангуяа эрчим хүч, нийтийн тээвэр зэрэг чухал ач холбогдолтой салбаруудын бэрхшээлийг даван туулахад харамгүй тусалж байсан билээ. Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хоёр улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хүртэл амжилттай хөгжсөн.

Талууд цаашид “Ардын дипломат”-ын хүрээнд хоёр талын энгийн иргэд, бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн ач холбогдол, уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалт, экспортын чиглэлээр, шинэ технологи, сэргээгдэх эрчим хүч, банк, санхүү зэрэг олон салбарт боломж бололцоо байгаа гэдэгт санал нэгдэж энэ чиглэлээр мэдээлэл түгээх, энэ оны 11-р сард зохион байгуулах Монгол-Японы төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад идэвхтэй оролцохоор тохиролцлоо.