Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2026.08.26/ Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ч.Номинг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар, Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яамны зүгээс "Дата төв, хиймэл оюуны тооцооллын дэд бүтцийг бие даасан байдлаар хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г танилцуулж, мэдээлэл өгөв.
“Хиймэл оюун ухааны салбарт хоёр том бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгааг онцоллоо. Нэгдүгээрт, Үндэсний хиймэл оюун ухааны тогтолцоог бий болгох. Хоёрдугаарт, Монгол Улс олон улсын хэмжээнд өгөгдөл хадгалдаг байршил болж, дэлхийн зах зээлд оролцох. Хоёр дахь бодлого нь уул уурхайгаас гадна эдийн засгаа солонгоруулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой. Монгол Улс сэрүүн цаг агаар, сэргээгдэх эрчим хүчний нөөц, газар зүйн байршлын давуу талд тулгуурлан олон улсын дата төвийн гол бүс болж хөгжинө" гэв.
"Төр өөрөө дата төв барих бус, эрх зүй, эрчим хүч, дэд бүтцийн таатай орчныг бүрдүүлж, хувийн хэвшил болон олон улсын хөрөнгө оруулалт татах замаар өгөгдөл, эрчим хүч, хиймэл оюун, дижитал дэд бүтцэд суурилсан өндөр өгөөжтэй шинэ эдийн засгийн салбар хөгжүүлэхэд оршино" гэдгийг Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ч.Номин дурдлаа.
Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр Алсын хараа-2050 болон Хөгжлийн бодлого, баримт бичгүүдэд тусгаж, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд, Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яам хамтран ажлын хэсэг гаргаж ажиллахаар тохиролцов. Улмаар хамтарсан ажлын хэсэг Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьсантай уялдуулан боловсруулсан бодлого, стратегийн хүрээг улсын бодлого төлөвлөлтөд тусгах, Засгийн газарт танилцуулж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран батлуулах талаар ярилцлаа.








