Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн 2026 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрс” сэдэвчилсэн өдрийн Сайд нарын түвшний арга хэмжээнд оролцлоо.
Дэд сайд С.Даваасүрэн хөрсний эрүүл байдлыг стратегийн эдийн засгийн актив болгон үнэлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлаарх хэлэлцүүлэгт оролцон, хөрсний эрүүл байдлыг боломж, эрсдэл, зардал гэсэн гурван талаас нь цогцоор авч үзэх шаардлагатайг тэмдэглэв.
Тэрээр эрүүл хөрс нь хөдөө аж ахуйн бүтээмж, хүнсний аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурь болохыг тэмдэглээд, хөрсийг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн хөрөнгө оруулалт нь ирээдүйд үүсэх эдийн засгийн эрсдэл, алдагдал, зардлыг бууруулах ач холбогдолтойг онцлов.
Мөн газар, хөрсийг эдийн засгийн хөгжлийн суурь, стратегийн актив гэж үзэж, хөрсний эрүүл байдлыг зөвхөн байгаль орчны асуудал бус, эдийн засаг, хөгжлийн бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг болгон авч үзэх шаардлагатайг тэмдэглэв. Энэ хүрээнд хөрс хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг ногоон санхүүжилт, татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалт, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэхийг онцоллоо.







