
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Герман Улсын аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч байгууллага болох “TUI Hotels & Resorts” компанийн Гүйцэтгэх захирал Артур Гербер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны шинэчлэл, аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодлого, тэргүүлэх зорилтуудыг танилцуулж, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн “Чөлөөлье” бодлогын хүрээнд бизнес эрхлэхэд тулгардаг зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулж, аялал жуулчлал, зочид буудлын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл авахгүйгээр холбогдох байгууллагад мэдэгдэн шууд эхлүүлэх боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлсэн талаар танилцууллаа.

Талууд Монгол Улсын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын нэр хүнд бүхий аялал жуулчлалын сүлжээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Энэ хүрээнд Монгол, Европыг холбосон агаарын тээврийн хүртээмжийг сайжруулах, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг онцлов.
“TUI Group” нь аяллын төлөвлөлт, захиалга, агаарын тээвэр, зочид буудал, далайн аялал болон аялал жуулчлалын бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь хүргэдэг дэлхийн тэргүүлэх аялал жуулчлалын групп юм. Тус групп жилд 34.7 сая орчим хэрэглэгчид үйлчилгээ үзүүлдэг бөгөөд дэлхийн 21 зах зээлд үйл ажиллагаа явуулан, 180 орчим аяллын чиглэлийг хамардаг байна.

Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.


