Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд К.Такагитай уулзлаа

A- A A+
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд К.Такагитай уулзлаа

Монгол, Японы Төр, хувийн хэвшлийн түншлэлийн XIII зөвлөлдөх уулзалтын хүрээнд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд К.Такагитай өнөөдөр /2026.11.27/ уулзлаа.  

Уулзалтаар талууд хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрүүд болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар илэн далангуй санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй, манай чухал “гуравдагч хөрш”, Тусгай стратегийн түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Монгол Улсын Засгийн газар ямагт өндөр ач холбогдол өгч ирсэн"-ийг онцлон тэмдэглэв. 

Мөн тэрбээр, энэ удаагийн төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтын дараа болж байгаагаараа илүү ач холбогдолтойг мөн онцолж, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологийн салбарт хоёр орны давуу талыг хослуулах нөөц боломж их байгааг дурдлаа. 

Тухайлбал, газрын ховор элемент зэрэг чухал ашигт малтмалыг олборлох, нар, салхины эрчмийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам тээвэр, шинжлэх ухаан техник, банк санхүү зэрэг олон салбарт Японы дэвшилтэт технологи, ноу-хау, хөрөнгө санхүүг манай байгалийн баялагтай хамтатган харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. 

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд худалдаа, хөрөнгө оруулалтыг өсгөх, Монголын экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь чухал гэдэгтэй талууд санал нэгдлээ.

Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд К.Такаги, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) Монгол Улсад төлөөлөгчийн газар нээснээр хоёр улсын худалдааны идэвхжилд чухал нөлөөтэй гэдгийг онцолж, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг японы технологитой хослуулж, аж үйлдвэрийн салбарыг дэмжих саналтай бүрэн нэгдэж байгаагаа илэрхийлэв. 
Талууд ирэх жил тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг өргөн тэмдэглэхийн сацуу бүх салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан байхаар тохиролцсон юм.