Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Япон-Монголын Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбаитай уулзлаа

A- A A+
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Япон-Монголын Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбаитай уулзлаа

Монгол, Японы Төр, хувийн хэвшлийн түншлэлийн XIII зөвлөлдөх уулзалтын хүрээнд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Япон-Монголын Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбаитай өнөөдөр /2026.11.27/ уулзлаа. 

Уулзалтаар, энэ удаагийн төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болон хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.  

Уулзалтын эхэнд, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр энэ удаагийн Монгол, Японы төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад японы талын хувийн хэвшлийн төлөөлөгчдийг ахалж, оролцоог хангахад тууштай хичээл зүтгэл гаргаж ирснийг нь онцлон тэмдэглэв. Мөн Япон-Монголын Эдийн засгийн хороо нь манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хувийн хэвшил хоорондын түншлэлийг эрчимжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд онцгойлон анхаарч, тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулах тухай шийдвэр ажил хэрэг болж буйг талархан дэмжиж, тус байгууллагаар дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулах Японы хувийн хэвшлийн сонирхлыг нэмэгдүүлэх, Монголын бүтээгдэхүүн, үйлчилгээг Японы зах зээлд нэвтрүүлэх, хоёр улсын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд бодит ахиц гарна гэдгийг Япон-Монголын Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбаи онцлов.

Мөн энэхүү уулзалтын үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Япон улсын корпорацуудын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Японы "Комацү" компанийн зүгээс, "Монгол Улсад явуулж буй бизнесийн үйл ажиллагаагаа дунд, урт хугацаанд өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Жижиг боловч аж үйлдвэрийн паркийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, монгол иргэдийг сургасаар байгаа гэдгээ дуулгалаа.