Өнөөдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан өргөн мэдүүллээ.
Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод туссан эхний арван жилд хүрэх зорилго, зорилтуудыг бүх салбарын оролцоотойгоор хангахад чиглүүлж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг цогцоор авч үзэн, хөгжлийн үр шимийг иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүргэх зарчмыг баримталсан байна.
“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр, Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр, Байгаль орчны зорилтот хөтөлбөр, Засаглалын зорилтот хөтөлбөр, Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр, Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөрийн төслүүд багтсан байна.
Эдгээр зорилтот хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд салбар бүрд салангид байдлаар тодорхойлон, хэрэгжүүлж ирсэн 500 гаруй хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг нэгтгэжээ. Тус тогтоолын төсөл батлагдсанаар салбарын уялдаа хангагдаж, төрийн бодлого бүрэн хэрэгжих, салбарын үйл ажиллагаа хөгжлийн нэгдмэл үр дүнд чиглэх боломж бүрдэх юм.
Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд хэрэгжсэнээр түүнд туссан бодлогын шинэчлэлийн үр дүнд “Алсын хараа 2050”-ын эхний 10 жилийн зорилтуудын хэрэгжилт хангагдаж, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын үндсэн үзүүлэлтүүд эрс сайжирч, Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилж, бүс, орон нутгийн хөгжлийн тэнцвэрт байдал хангагдана гэж үзэж байна.