Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд бүх нийтээр Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангасан байх амлалтыг хүлээсэн бөгөөд эдгээр зорилгуудын хэрэгжилтийг үнэлж дүгнэж Үндэсний сайн дурын илтгэлийг НҮБ-д тайлагнадаг.
Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний сайн дурын анхдугаар илтгэлийг 2019 онд НҮБ-ын Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад амжилттай танилцуулсан бол 2023 онд болох чуулга уулзалтад хоёрдугаар илтгэлээ танилцуулах улс орнуудын жагсаалтад Монгол Улс багтсан бөгөөд илтгэлийг боловсруулах үүрэг бүхий салбар дундын Ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна.
Энэхүү илтгэлийг боловсруулахад олон талын оролцоог хангах үүднээс төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, судалгааны болон олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийн нээлтийн уулзалт”-ыг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтын үр дүнд, Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, мөн оролцогч талуудын санал зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийн үндсэн агуулгад тусгах юм.