Эдийн засаг, хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран Төв Азийн Бүс Нутгийн Хамтын Ажиллагаа (КАРЕК)-ны хөтөлбөрийн хүрээнд "Үйлчилгээний худалдаа ба Монгол Улсын дижитал эдийн засгийн статистикийн семинар"-ыг Улаанбаатар хотноо 2023 оны 03 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Үйлчилгээний худалдаа дэлхийн ДНБ-ий хамгийн их хувийг бүрдүүлж, хурдацтай өсөн нэмэгдэж байгаа салбар бөгөөд Монгол Улсын хувьд 2021 оны байдлаар 1.6 тэрбум ам.долларын үйлчилгээний худалдааны алдагдалтай гарсан нь энэ салбарыг хөгжүүлэх орон зай, ач холбогдлыг харуулж байгааг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж семинарын нээлтийн үгэндээ онцоллоо.
Тус семинараар Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Үндэсний статистикийн хороо, Монгол банк, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гаалийн ерөнхий газар байгууллагуудын албан хаагч нар оролцов. Мөн тус сургалтаар Монгол Улсын үйлчилгээний худалдаа, дижитал эдийн засгийн талаарх статистик мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, тайлагнах тогтолцоог бэхжүүлэх, чадавхжуулах чиглэлээр танилцуулга хийж, туршлага солилцох юм.